Монгол Улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүн ардын эрүүл энхийн манаанд олон жил тууштай ажилласан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын цол хүртээж байна. 

Тухайлбал, Нийслэлийн Өргөө амаржих газрын зөвлөх эмч, гавьяат эмч Буяндэлгэрийн Бүлтэн өнөөдөр Ардын эмч боллоо. Тэрбээр эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан нэгэн юм.

Мөн эх орондоо хүүхдийн нүдний мэс заслыг хөгжүүлэн, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж, эрдэм судлалын 100 гаруй бүтээл туурвисан гавьяат эмч М.Алтанхүү, хөхний рентген, мамографийн оношилгооны үндсийг тавьж, 700,000 гаруй хүнд эмчилгээ оношилгоо хийсэн эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч гавьяат эмч Р.Асай зэрэг эрхэмд ардын эмч цол хүртээв.