Б.ДОЛЖИНЖАВ

 

Хоёр жил орчим тэмцсэний эцэст COVID-19-тэй зэрэгцэн амьдрах нь хамгийн оновчтой шийдвэр гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч иргэдээ нэмэлт тунд хамрагдахыг уриалж байв. COVID-19-ийн олон шинэ хувилбар гарсан ч вакцинууд тэдгээрээс хамгаалж байсан билээ. Гэвч Өмнөд Африк улсад B.1.1.529 гэсэн дельтагаас хэд дахин халдварлах чадвар өндөртэй шинэ хувилбар тархсаныг тус улсын Эрүүл мэндийн яам пүрэв гарагт зарласан нь сэтгэл түгшээж эхэллээ. ДЭМБ-аас тус хувилбарыг “хамгийн аюултай” ангилалд оруулан Грек цагаан толгойн Омикрон үсгээр нэрлэв. Омикрон хувилбар Өмнөд Африкаас гадна Израйль, Бельги, Хонконгт илрээд байсан бол Англи, Герман, Италид бүртгэгдсэнийг өнгөрсөн бямба гарагт зарлалаа. Үүний дараа эдгээр орнууд Өмнөд Африкт аяллын хориг тавилаа. Энэ вирус нь маш хурдацтайгаар тархаж байгаа нь тайвшрах болоогүй гэсэн сануулгыг бидэнд өглөө.  Тиймээс баасан гарагт АНУ, Бразил, Канад болон Европын холбооны  орнууд Өмнөд Африк болон бусад Африкийн орнуудын нислэгээ зогсоожээ. Харин Израйль улс хилээ бүрэн хаав.

Шинжээчид хүмүүсийг маскаа зүүж, олон хүнтэй газраар явахаас зайлсхийж, вакциндаа хамрагдахыг уриаллаа. Энэ тухай ДЭМБ-ын COVID-19 хариуцсан техникийн шинжээч Мариа Ван Керхове “Дэлхий нийтээр санаа зовниж байгааг бид ойлгож байна. Гэхдээ шинэ хувилбарыг маш хурдан судалж байгаа нь сайшаалтай. Бид Омикрон хувилбарыг хэдхэн долоо хоногийн өмнө илрүүлсэн ч шинжээчид хэдийнэ судалгаагаа эхлүүлсэн. Тиймээс  хариу арга хэмжээг шуурхай авч чадна” гэж мэдэгдлээ. Вакцин үйлдвэрлэгчид ч энэ хувилбарын эсрэг үйлчлэх вакцин бүтээхээр шуурхайлан ажиллахаа мэдэгдлээ.Тухайлбал, BioNTech компанийн судлаачид  Pfizer-тай хамтарсан вакцинаа Омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй эсэх судалгааг хэдийнэ эхлүүлсэн. Үр дүнгээ  14 долоо хоногийн дараа зарлах аж.  Мөн Moderna компани ч тус хувилбарыг эсрэг вакцины судалгааг эхлүүлснээ баасан гарагт зарлав. Үр дүнгээ ирэх долоо хоногт нийтэд мэдээлэх юм. Эдгээрээс гадна Омикрон нь эдийн засагт томоохон цохилт өглөө. Тухайлбал,  газрын тосны үнэ баасан гарагт 13 хувиар унасан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.29 ДАВАА № 233 (6710)