Б.ДОЛЖИНЖАВ

 

Австри улс COVID-19-ийн вакцины бүрэн тундаа хамрагдаагүй хоёр сая орчим иргэнээ хөл хорионд оруулах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, вакцингүй иргэдийг зайлшгүй шалтгаанаар гэрээс гарах, ажиллах, дэлгүүрээс хүнс худалдан авахыг л хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай тус улсын канцлер Александр Шалленберг “Ийм шийдвэр гаргахыг бид хүсээгүй. Харамсалтай нь ингэхээс өөр арга олдсонгүй” гэж ярилаа. Энэ хөл хорионоос 12-оос доош насны хүүхдүүд болон халдвар аваад эдгэрээд 10 хоносон хүмүүсийг л чөлөөлөх аж. Өмнө нь вакцингүй хүмүүс зоогийн газар, үсчин, кино театраар үйлчлүүлэхийг хориглоод байсан билээ.

Тус шийдвэрийг эсэргүүцэн нийслэл Вена хотын  канцлерын ордны гадна олон зуун иргэн жагслаа. Тэд “Бид биедээ юу хийлгэхээ шийдэх нь бидний эрх чөлөө” гэсэн лоозон барьсан байв. Тэдний төлөөлөл нэгэн эмэгтэй “Би эрхийнхээ төлөө тэмцэж байна. Засгийн газрын энэ шийдвэр бол ялгаварлан гадуурхалтын тод жишээ” гэж ярьжээ. Харин Венагийн анагаах ухааны их сургуулийн профессор Эва Шернхаммер “Эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгийн ор дүүрч байгаа үед дээрх шийдвэр зайлшгүй хэрэгтэй. Хоёрхон долоо хоногийн дотор халдвар оргилдоо хүрлээ. Тиймээс хүн амын гуравны нэг нь зайлшгүй биш шалтгаанаар гэрээсээ гарахгүй байх нь муу зүйл биш” гэсэн юм. Иргэдийг вакциндаа хамрагдсан эсэхийг цагдаа нар шалгах аж.

Австри улсад долоо хоногт 100 мянган хүн тутамд 800 халдвар бүртгэгдэж байгаа нь Европтоо хамгийн их тархалттай орны тоонд орж байна. Гэвч тус улсын хүн амын 65 хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдсан нь баруун Европын орнууд дундаа доогуурт орж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.16 МЯГМАР № 225 (6702)