Х.ХАТАН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа "Монгол дахь иргэний нийгмийн байгуул­лагуудад тулгамдаж буй асуудал, хууль эрхзүйн орчин, хөгжил өөрчлөлт" сэдвээр Ази, Африкийн хүүхэд залуусын боловсролыг дэмжих сан буюу ADRF /Africa Asia Development Reliev Foundation/  олон улсын байгууллагын Монгол дахь салбар “Боловсрол-Ирээдүй” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, докторант М.Алтанчимэгийг урьсан. Түүний онцлох эшлэлийг хүргэж байна.

 

-Тухайн улс үндэстэнд хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах төрийн бус байгууллага нь  иргэний оролцоо санаачлага, чин сэтгэлтэй холбоотой хөгжих ёстой. Тиймээс судалгаатайгаар онол аргазүйн үндэслэлтэйгээр, бодлого боловсруулан хөгжүүлэх нь чухал.


-Төр засаг, бизнесийн байгууллага, төрийн бус байгууллага буюу иргэний нийгмийн байгууллага нь тулгын гурван чулуу шиг харилцан хамааралтай зөв ажиллаж чадвал тухайн улс үндэстэн хөгжих болно.


-Нийгмээ хөгжүүлэхийн тулд иргэн та сайн дурын ажилд хувь нэмрээ оруулагч эсвэл тэрхүү үйлсийг дэмжигч хандивлагч байх боломжтой. Таны бусдыг жаахан л анзаарч анхаарах сэтгэл, энгийн бяцхан тус, өөртөө байгаа бүхнээ хуваалцах сэтгэл, хүмүүжил, төлөвшил, мэдлэг боловсрол, нийтийн төлөө гэсэн ухаанаас маш том хүчийг бий болгож энэ салбарыг хөгжүүлэх боломжтой гэдгийг хүн бүр ойлгоосой.


-НҮБ-аас санаачилсан жил бүрийн  арванхоёрдугаар сарын 5-ны  Дэлхийн Сайн дурынхны өдөр бол манай байгууллагын хамгийн томоохон тэмдэглэлт өдрүүдийн нэг байдаг. Бид жил бүр сайн дурын ажилтнууддаа баярлалаа гэж хэлэх, тэдний оролцоог үнэлж дүгнэх, тэдэнтэй хамт хийж чадсан үйл ажиллагаагаа эргэн харах маш чухал өдөр юм.


-"Хуваалцах соёлыг нэрийн хуудсаа болгоцгооё", "Хувиа хичээсэн иргэдтэй улс үндэстэн мөхдөг" хэмээх дуу хоолойгоо нийгэмдээ хүргэж, сайн дурынхантай хамт хийж бүтээж, хөгжиж байна даа.


-Төрийн бус байгууллага гэдэг улс төрийн болоод шашны хамааралгүй цэвэр сайн дурын үндсэн дээр тухайн нийгмийн хэрэгцээт салбарт зөвхөн өөрийн үүсгэн байгуулагдсан зорилгынхоо төлөө л ажиллах ёстой.


-Төрийн бус байгууллага тогтвортой, тууштай, нэгдмэл шинж чанартай байх ёстой төдийгүй байгууллагын амин сүнс нь зорилготойгоо нягт холбогдох учиртай.


-Төрийн бус байгууллагын мэргэжилтнийг төгсгөх сургууль, мэргэшүүлэх сургалт зайлшгүй шаардлагатай болсон. Улсын болоод хувийн их, дээд сургуулиуд олон төрлийн мэргэжлээр сургадаг хэрнээ иргэний нийгмийн ажилтан, сайн дурын ажилтан бэлтгэдэг ангигүй байгаа нь энэ салбарт тулгамдаж буй гол асуудал юм.


-Төрийн бус байгууллагын суурь бүтэц нь сайн дурынхан болон хандивлагчдаас бүтэж чадвал бат бэх байж зорилгынхоо төлөө тууштай явах боломж олгодог. Хандивлагчдад нийтийн төлөөх ухамсар хуваалцах боловсрол гэдэг зүйлийг ойлгуулах нь чухал.

Иргэний нийгмийн салбарын байгууллагууд нь манай байгууллага гэхээсээ хамтдаа нэгдэж улс орноо илүү хүчирхэг болгох соёлыг бий болгодог юм билээ.


-Хандив гэдэг нь зөвхөн мөнгө биш, мөнгөөр хуваалцах сэтгэлийг  хэмжих боломжгүй


-Энэ салбар улс орны хөгжлийн гурав дахь чухал хүчин зүйл, тулгуур нэг хэсэг гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Төрийн бус байгууллагынхан, иргэд дуу хоолойгоо өргөж, хэрэгтэй санал санаачлагыг гаргаж, хууль эрхзүйн орчноо сайжруулахад идэвхтэй оролцох хэрэгтэй.


-Төр, бизнесийн байгууллагын гүүр нь буюу гуравдагч чухал салбар нь төрийн бус байгууллага, иргэний нийгэм гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.


-Маш бага зардлаар их үр дүн гаргаж чадах боломж төрийн бус байгууллагад байдаг. Сайн дурынхан болон хандивлагчдын дунд маш олон төрлийн чадвар сэтгэлгээтэй хүмүүс байдаг учраас тэдэнтэй хамт хөгжөөд суралцаад  шийдээд явдаг.


-Төрийн бус байгууллагад маркетинг, мэргэжилтнүүд, систем гэж байх ёстой.


-Таны хүсэж буй мөрөөдөж буй нийгэм таны оролцоогүйгээр бий болгохгүй. Монгол хүн хэчнээн яарч явсан ч айл нүүж ирээд гэрээ барьж байвал таних танихгүй нь хамаагүй нэг унь ч болтугай өлгөж өгөөд явдаг, ийм л хуваалцагч сэтгэлгээтэй ард түмэн. Бусдын төлөө байгаа бүхнээрээ тус нэмэр болж хуваалцаж, амин хувиа хичээхгүй амьдрах нь  өнөөгийн ‘metaverse’ дотор амьдрах болсон  үсрэнгүй нийгэмд ч хэзээ ч өөрчлөгдөхгүй эрхэм соёл байх болно.

Эх сурвалж: www.polit.mn