З.БАТЦЭЦЭГ
Канад, Франц, Финлянд, Дани, Герман, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Швед, АНУ зэрэг орны ЭСЯ-аас Турк улсыг хүний эрх хамгаалагч Осман Кавалаг суллахыг уриалсан талаар ria.ru мэдээлжээ.
“Энэ хэргийн талаар Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрийг харгалзан үзэж, түүнийг аль болох хурдан суллахыг Туркээс хүсч байна. Хүний эрхийг хамгаалагчийг баривчилснаас хойш дөрвөн жил өнгөрч, түүний хэргийг хянан хэлэлцэх хугацаа хойшлогдож байгаа нь “ардчиллыг хүндэтгэх, хууль дээдлэх, Туркийн шүүхийн системийн ил тод байдалд сүүдэр болж байна” гэж Турк дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Осман Кавала бол Туркийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Anadolu Kültür AŞ соёлын сангийн үүсгэн байгуулагч бөгөөд ихэвчлэн олон улсын анхаарлыг татдаг Турк, Арменийн хүн ам, Курдын асуудлыг тайван замаар шийдвэрлэх гэх мэт үндэстэн, шашны цөөнхийн төслүүдийг дэмждэг нэгэн.
2020 оны хоёрдугаар сард Туркийн шүүх Кавалаг Засгийн газрыг унагах оролдлогод оролцсон хэргээс цагаатгасан боловч тэр өдөртөө Истанбулын прокурорын газраас түүнийг баривчлах шинэ тогтоол гаргажээ. Кавалагийн эсрэг шинэ хэрэг үүсгэсэн бөгөөд энэ удаад 2016 оны долдугаар сард Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон хэрэгт буруутгагдсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.20 ЛХАГВА № 206 (6683)