Б.БЯМБАЖАРГАЛ

Дархан хотод Монголын хүүхдийн анхны галт тэрэг, алсын харагч байгуулагдлаа. Тухайлбал, Монгол Орос улсын найрамдалт харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан УБТН-ээс санаачлан хэрэгжүүлсэн 7.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий хүүхдийн галт тэрэг Дархан хотын 60 жилийн ойн өдрөөр нээлтээ хийлээ. Мөн Дархан хотын “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдийн паркад шинэ алсын харагч сүндэрлэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дархан хотыг хүн амьдрахад хамгийн таатай хот болгохоор зорин ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн хөрөнгөөр 2.4 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэн болон хүрээлэнгийн орчинг тохижуулах төслүүд явагдаж байгаа. Үүний нэг хэсэг болсон алсын харагч тоглоомыг 1.2 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулж ашиглалтад орж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын 60 жилийн ойг тохиолдуулан залуучууд, хүүхдүүдийн соёл, боловсролд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ нь 14.5 тэрбум төгрөгийн өртөгтэй  “Музей-Номын сан” цогцолбор юм. Цаашид соёл, боловсролын чиглэлд анхаарч ажиллана” гэв.

“Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдах “Музей-Номын сан” цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, үзэсгэлэн хурал цуглаан зохион байгуулах боломжтой гурван давхар байх аж.  Цогцолбор нь ирэх 2024 онд ашиглалтад орно.

Түүнчлэн, монголын анхны хүүхдийн галт тэрэг ашиглалтад орж өртөөнөөсөө хөдөллөө. Энэ талаар УБТН, ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостных “УБТН-ийн санаачлагаар энэ оны нэгдүгээр сард хүүхдийн галт тэргийг байгуулах гэрээг үзэглэсэн. Энэ галт тэрэг нь аяллын галт тэрэг байх төдийгүй төмөр замын сургалтын хэрэглэгдхүүн болох юм. Дархан хотын хүүхдийн галт тэргийг үзэхээр Монголын өнцөг бүрээс хүүхдүүд хуран цуглана гэдэгт итгэлтэй байна” гэв. Хүүхдийн галт тэрэг нь ТУ-10 маркийн 34 хүний суудалтай 10 морины хүчин чадалтай тусгай захиалгаар бүтээгдсэн загвар аж.

Эх сурвалж: www.polit.mn