Арван есдүгээр зууны сүүлч 20 дугаар зууны эхээр Монголд байсан  гадаадын худалдаа үйлдвэрийн эздээр дамжиж манайд Европ зүгийн механикжсан тээврийн хэрэгсэл анх орж ирсэн байдаг.
1922 оны эцсээр цэргийн яаманд Оросоос 10 машин шилжүүлж 1923 онд анхны гарааш байгуулж жолооч бэлтгэх ажил эхэлжээ. Үүнийг үндэсний тээврийн байгууллагын эх суурь тавигдсан гэдэг. 
Тэгвэл дараа оноос нь тээврийн хэрэгслээс татвар хураамжийг авдаг болж. 1924 оны XI сард хуралдсан улсын анхдугаар хурлаас “Тээх нэвтрүүлэх хэргийг эрхлэх тусгай газар” байгуулах тогтоол гаргав. 
Уг газрыг 1925 оны долдугаар сарын дунд үед байгуулсан юм билээ. Энэ өдрийг Монголын автотээврийн байгууллага үүссэн өдөр гэж үздэг. Энэ үед улсын сангаас 111,8 мянган янчаан, Аж ахуйн яамнаас ачааны зориулалтын долоон машин болон зарим эд хөрөнгийг уг механикжсан тээврийн газарт шилжүүлжээ. 

1936 онд Монгол-ЗХУ-ын Засгийн газрын хамтарсан шийдвэрээр хоёр талаас хувь нийлүүлж “Монгол транс” гэдэг байгууллагыг бий болгосон.

Хувиа нийлүүлсэн Монгол транс
Хувьсгалын хэрэгцээг бататгана бидний биесээ хө
Хурц улаан тугаараа
Баяр хүргэе нөхдүүд ээ  гэсэн дуу төрсөн бий.

Үүний дараа Монгол транс 100 хувь Монголын талд шилжиж “Монгол тээх” гэдэг шинэ байгууллага үүссэнээр Улаанбаатар-Хэнтий аймаг хоорондын морин өртөөг татан буулгасан улмаар ЗХУ-ын тусламжтайгаар зургаан машинтай шуудан буудал байгуулж Улаанбаатар-Алтанбулагийн хооронд бараа таваар зорчигч тээвэрлэж эхэлсэн байдаг. 
Үүнээс өмнө буюу 1929 онд “Монгол транс”-ын дэргэд гурван автомашиныг тоноглож Улаанбаатар-Амгаланбаатарын хооронд хүн тээвэрлэснийг хотын зорчигч тээврийн үндэс тавигдсан гэж үздэг юм байна. 
Цаашлаад 1935 оноос худалдааны авто бааз, 1965 онд гадаадын мэргэжилтэнд үйлчлэх бааз байгуулагдсан бол 1969 онд Улаанбаатар хотын тээврийг удирдах газар бий болж автобус таксины хийгээд зарим баазуудын үйл ажиллагааг нийслэлийнхэнд хүртээж төрөлжсөн салбаруудтай болжээ. 
1987    онд хотын тээврийн системд троллейбусны үйлчилгээ цоо шинээр нэмэгдсэн юм. 
Энэ үеэс хойших нь тээврийн салбар зах, зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж төвлөрсөн тээврийн зонхилох хэсэг нь хувьчлагдаж хэд хэдэн компаниуд үүссэн.  
Хотын тээврийн салбар ийнхүү бие даасан байдлыг харгалзан энэ салбарт зохион байгуулан зохицуулах, захиргааны хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий хотын тээврийн газар 2001 онд байгуулагдснаар өнөөг хүрээд байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.7  ПҮРЭВ № 197 (6674)