Д.ДАРАМБАЗАР

Залуу зураач, барималч Т.Мөнхчулууны урлангаар зочиллоо. Тэрбээр урлангаа нээгээд хоёр жил болж байгаа аж. Урлан нь жижигхэн танхимаас бүрдэнэ. Дүрслэх урлагийн дээд сургуульд дөрвөн жил суралцаж, уран зураг, гар урлалаар төгссөн байна. Хэдийгээр сургуулиа төгсөөд зураг зурсан ч учраа олтлоо бас уддаг гэж байлаа. Тэрбээр энэ хугацаанд янз бүрийн л урланд байж, ганцаараа бүтээлээ хийдэг гэсэн юм. Мөн найз нөхдийн хамт дархан хийдэг гэж байв.

Зурахын хажуугаар клуб нээсэн нь

Хүнд зураг зурахыг заана гэдэг газарчилна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө зурж үзүүлэх чадвартай байх хэрэгтэй. Нэг ёсондоо тэр газраар аялж үзэж байж, тэр хүмүүстээ газарчилна. Хамгийн гол нь урлан ажиллуулж, хүмүүст хичээл орохдоо ажилдаа дуртай байх шаардлагатай. Миний хувьд урландаа сүүлийн хоёр жил өдөр бүр ажиллаж байна. Одоо ч гэсэн урлангаа байгуулаад удаагүй байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Эргээд бодоход олон сайхан хүнтэй ажиллаж, олон сайхан дурсамжийг бий болгосон. Өмнө нь зөвхөн өөрийнхөө бүтээлийг л хардаг байсан бол одоо клубын хүүхдүүдийнхээ бүтээлийг хараад баярладаг болсон гэв.

Бүтээлүүд хадгалагдаж үлдэх нь ховор 

Орчин цагийн хөрөг зурагчин болж буй түүнд зураг зуруулах захиалга тасрахгүй. Гэвч хүмүүс сайн танихгүй болохоор захиалгагүй байх тохиолдол бий. Түүнтэй адил олон залуу байдаг гэж байлаа. Нийгэмд сайн сайхан үйлс, түүхийг бүтээж яваа хүмүүсийн хөргийг зурна. Нэг хүний хөргийг зурж дуусгаад дараагийн хөргийг эхэлдэг гэж байсан. Хөрөг нь түүний урланд хадгалагдаж үлдэх нь тун ховор. Харин түүний өөртөө зориулж зурсан ганц зураг хүндтэй байр суурь эзэлнэ. Ямар нэгэн дэмжлэг ирдэггүй. Залуу хүний хувиар илүү ихийг бүтээж яваа гэв. Тэрбээр “Хөрөг зурахдаа өнөөдрийн үзэгчдэд зориулж зурдаггүй. Миний бүтээлийг олон зуун жилийн дараа үзэгчид үзнэ гэж бодож бүтээдэг. Тиймээс зурж буй хөрөг зураг бүрээ сүүлчийнх хэмээн бодож, хичээж зурдаг. Өнөөгийн нийгэм залуусаа дэмжвэл илүү их уран бүтээл хийх боломж байна” гэж байсан юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)