Д.НАДМИД
Айл бүхэнд зайлшгүй баймаар нэгэн том бүтээл уншигчдын гар дээр очлоо. Энэ бол орчуулагч, яруу найрагч СГЗ Жигжидсүрэнгийн Нэргүйн туурвисан “Орос-Монгол зүйр, цэцэн үгийн тайлбар толь бичиг” юм. Орос ардын 2270 гаруй зүйр, цэцэн үгийн орчуулга, утгын тайлбар, монгол дүйцийг багтаасан 800 шахам нүүр уг номын зохиогч Ж.Нэргүй энэ бүтээлийнхээ талаар “Энэ бол зөвхөн орос хэлний мэргэжилтнүүдийн ном биш, Хойд хөршийнхөө янз бүрийн салбарынхантай улс төр, бизнес, хувийн харилцаатай байдаг бүх хүний байнга ашигладаг халаасны ном байгаасай гэж бодсны үүднээс нухаж дуусгалаа. Шашин шүтлэг, суудаг, гүйдэг газар нь өөр болохоор сэтгэлгээг нь бүрэн буулгахад хэцүүхэн л байлаа. Монгол маань хойд хөршөөсөө зугтаад явчихгүй, өшиглөөд хөөчихгүй болохоор одоогийн бидэнд үгүй гэхэд ирээдүйхэнд маань тус болно байгаа. Аливаа яриан дундаа ариун нандин сайхан үгийг нь дурдчихад ямар ч үндэстэн, ястны хүн наалдаад л ороод ирдэг юм шүү дээ.
Өгүүлэхүйн их арслангууд Г.Аким, Т.Галсан гуай хоёр хянан засамжилж өгсөн. 40 гаруй жил бага ангийн багшаар ажилласан гэргий Н.Пүрэвсүрэн маань үг, үсгийнх нь алдааг түүсэн” гэлээ.
Эшлэлүүд:
Молодость ушла-не простилась, старость пришла-не поздоровалась. (ОАЗҮ)
Үгч: Залуу нас салах ёс хийлгүй яваад өгсөн, Хөгшин нас мэндлэх ч үгүй хүрээд ирсэн.
Утга: Нас явах нь анзаарагддаггүй гэсэн санаа.
Монгол: Өсөх нас баяртай ч гэлгүй алга болоход
Өтлөх нас сайн уу ч гэлгүй хүрээд ирнэ. (Орч-ЗҮ)
Утративши корову, козы стерегчи. (ОАЗҮ)
Үгч: Үнээгээ алдсан хүн
Ямааныхаа ноолуурыг хайчилдаг.
Утга: Нэгийг алдаж хашраад, дараагийнхыг нь бас алдана гэж айгаад урьдчилан сэргийлж байгааг шоолж байна.
Монгол: Үнээгээ алдсан хүн Ямаагаа самнадаг. (Орч-ЗҮ)
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.20 ДАВАА № 184 (6661)