“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа өнгөрсөн наймдугаар сард хэн, юу хэлснийг онцлох эшлэлээр хүргэж байна.

 

Д.Батмөнх: Цаашид үсгийн биш утгын алдааг хянадаг болох хэрэгтэй

“Хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн Монголын холбоо” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч

-Журамласан үгийн толийг хийсэн хүмүүсийн зарим нь монгол бичгийн талаар баримталдаг байх магадлалтай. Учир нь өөрсдийн үзлээ дагуулж нэлээн олон үг өөрчилсөн нь анзаарагдсан. Энэ нь нийтэд дүрэм өөрчлөгдсөн мэт сэтгэгдэл төрүүлж байна. Үнэндээ дүрэм огт өөрчлөгдөөгүй. Ердөө зарим үгийн бичлэгийг хуучин монгол бичгийн уламжлал баримтлан өөрчилсөн нь анзаарагдаж байна.

-Одоогоор монгол үгийн алдааг л шалгаж байна. Цаашдаа утгын алдааг хянадаг болох хэрэгтэй. Компьютерийн шинжлэлийн асуудлыг багахан ч атугай шийдвэрлэж, эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн боловсруулсан кирилл үсгийн дүрмийг бүрэн программчилж, улмаар алдаа шалгах толь гаргасанд баяртай байна.


Б.Цэрэнтогтох: Ширээний теннисчид олимпод өөрсдийнхөө чансааг харууллаа

Биеийн тамир, спортын улсын хорооны дэргэдэх ширээний теннисийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч

-Тамирчнаа олон болгоно гэхээр бэлтгэл хийх газар, санхүүгийн хэрэгцээ нэмэгдэнэ гэсэн үг. Энэ шугмаараа цаашид бэлтгэл хийх газар, санхүүгийн хэрэгцээ нэмэгдэнэ гэсэн үг. Мөн сонирхогч хүмүүст эрүүл мэндийн хувьд нэлээн том дэмжлэг болох үүд нээгдэж байна.

-Заал бэлэн байна гэдэг чинь багш байна. Тэгэхээр багшийг дагаад тамирчид байх учраас үүнийг тогтвортой гэж хэлээд байгаа юм. Хэрэв багш тогтвортой байвал өнөөдөр олон тамирчин амжилт үзүүлэх боломж, бололцоо нь харагдаж байна. Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хүнд дэмжлэг туслалцаа нэмэгдэнэ. Тэгэхгүй нэг жил болоод клуб нь хаагдаж эсвэл тамирчин нь явчихаар багш нар тогтвортой ажлын байргүй болно.


Т.Энхнаран: Тархийг хэт ачааллуулснаас сэтгэл зүйн асуудал үүсдэг

АШУҮИС-ийн Олон улсын цахим сургалтын төвийн аргазүйч, координатор багш

-Тархи судлал гэхээр хүмүүс “Бид тархиныхаа хэдэн хувийг ашиглаж байна, үүнээс илүү ашиглах боломжтой юу. Монгол хүний тархины чадамж хэр вэ” гэж асуудаг. Гэвч тархи судлалын салбарт хүний тархины хэмжээ болоод чадамж нэн тэргүүний чухал асуудал биш юм. Учир нь тархиныхаа хэдэн хувийг ашиглах боломжтойг мэдвэл ачааллаа нэмэгдүүлээд одоогийнхоосоо илүү их бухимдалтай амьдрахад хүргэж мэднэ. Харин одоо ашиглаж байгаа хувиа хэрхэн зөв ашиглах вэ гэдэг нь чухал.

-Био хэмнэлийн дагуу харанхуй болоход хүн унтаж амрах ёстой. Харанхуй болохоор буюу 21:00 цагт шууд унтсан хүүхэд өсөлтийн гормоноо илүү ялгаруулж чаддаг. Өсөлт гэдэгт биеийн өндөр бус бүх эд эс, эрхтэн тогтолцооны хөгжил багтдаг.


О.Батнайрамдал: “Алсын хараа-2050” бол 30 жилийн алдаа, оноог дэнсэлсэн хөгжлийн бодлого юм

Уул, уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох ажлын хэсэг байгуулах захирамж гарч, эхний загвар гаргах ажлыг би хариуцаж байлаа. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед ЗГХЭГын дарга байх үед нь зөвлөхөөр ажиллах болсноор хөтөлбөрийг эхнээс нь хэрэгжүүлэх боломж олдсон. “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөр бол зөв бодлого болон хэрэгжиж, Монголын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэдэг.

-“Алсын хараа-2050” хөгжлийн бодлогоор нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг тодорхойлж, цаашлаад иргэдийн амьдралын чанараар Азидаа тэргүүлэгч орны нэг байхыг бид зорьж байна.


Я.Эрдэнэсайхан: Хоршоогоо хөгжүүлэх нь хөгжлийн нэг гарц

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ-ын дарга

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс 4580 хоршоотой. Нэг суманд дунджаар 7-8 хоршоо байна. Гэхдээ нэг суманд олон хоршоо байхын сөрөг тал нь аль аль нь хөгждөггүй. Тиймээс нэг хоршоотой түүгээрээ дамжуулж зах зээлд түүхий эд, мал, махаа зориулалтын бэлтгэлийн цэг дээр бэлтгэдэг, зэрэглэл тогтоож хадгалдаг, арьс, нэхийгээ элдэж ахуйдаа хэрэглэдэг, байх нь илүү ач холбогдолтой. Өнөөдөр Арьс шир боловсруулагчдын холбооноос гаргасан судалгаагаар үндэсний үйлдвэрлэл авсан арьс ширнийхээ 80 хувь нь гологдол болж байна.

-Нэг хоршоог 800 орчим сая төгрөгөөр байгуулна. Агуулахтай, мал нядалгааны хэсэгтэй, дэлгүүр, зочид буудалтай байхаар. Сэлэнгэ, Дарханд тариаланчдын мөн бусад аймагт малчдын, малчин тариаланчдын гэсэн хосолсон гурван загвар гараад байна. Гол эх үүсвэрийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийнэ. Ерөнхийдөө хуулийг нь батлууллаа. Хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.6 ДАВАА № 174 (6651)