Ц.МЯГМАРБАЯР
2020 оны эхний найман сард олон улсын аялагч, жуулчдын тоо 70 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үед бүртгэгдсэнээс найм дахин илүү алдагдал учруулжээ. Эргэн сэргэж хуучин түвшинд хүртлээ 2-4 жил шаардлагатай болоод байна гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын (UNWTO) судалгаанд дурджээ.
Эдийн засагт гадаад валютыг бий болгож, ажлын байр, бизнес эрхлэгчид, орон нутгийн иргэдэд дэмжлэг болж байдаг тус салбарын тухайд цар тахлаас өмнө дэлхийн ДНБ-ий 4.4, ажил эрхлэлтийн 6.9, үйлчилгээний экспортын 26.5 хувийг тус тус эзэлж байв. Аялал жуулчлалын салбар нь бусад салбартай уялдаж нэмүү өртгийн гуравны нэгээс илүүгүй нь дотоодын эдийн засагт шууд бус хэлбэрээр нөлөөлдөг. Түүнчлэн хямралын улмаас аялал жуулчлалын урсгал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарыг дуустал зогсонги байдалд орсноор дэлхийн ДНБ-ий 4.2 хувь /3.3 их наяд ам.доллар/-тай тэнцэх хэмжээний алдагдал үүснэ гэж тооцоолжээ. Ингэснээр олон улсын жуулчдын аялах хувь 66 хувиар буурч, үр дагавар нь дэлхийн улс орнуудад хүчтэйгээр мэдэгдэнэ гэжээ.
Тус салбарын ажлын байрны 60 хувь нь эрсдэлд орж өнөөдрийн байдлаар нийт 197.5 сая хүн ажлын байраа алдах магадлалтай гэсэн тооцооллыг 2020 онд хийсэн байна. Зөвхөн Европын холбооны улсад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьд 6.6-11.7 сая ажлын байр дахин сэргэхгүйгээр эрсдэлд орно гэжээ. Үүнд ихэвчлэн эмэгтэйчүүд, залуу үеийнхэн, орон нутгийн иргэд хамрагдаж байгааг судалгаа гарсан байна.
Ялангуяа, нийтийн хоолны үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, бөөний худалдаа гэсэн бизнес, ажлын байрууд хамгийн өндөр эрсдэлтэй байна. Олон улсын өнөөгийн аялал жуулчлал нь одоогоос 20 жилийн өмнөх үеийнх хүртлээ уналтад ороод байгаа нь араасаа олон эрсдэл, алдагдлыг дагуулсаар байна гэжээ.
Гадагшаа чиглэсэн аялал жуулчлалыг дотоодын аялал жуулчлалд шилжүүлэх
Уналтын дараа сэргэлт ирдэг. Тэгвэл аялал жуулчлалын салбарын сэргэлт, гарц, гаргалгааг бусад улс орон хэрхэн таамаглаж байна вэ гэвэл тухайлбал,Канад улс гадагш чиглэсэн эрэлтийг 100 хувь дотоодын аялал жуулчлалд шилжүүлбэл ажлын байр 41 хувь буюу 443500 ажлын байр нэмэгдэхээр байгаа аж. Түүнчлэн ХБНГУ аялал жуулчлалын хамгийн сүүлийн урьдчилсан таамаглал нь дотоод болон олон улсын аялал жуулчлалыг сэргээх гурван хувилбарыг тодорхойлжээ. Гол хувилбарын дагуу дотоодын аялал жуулчлал 2021 оны зун гэхэд 2019 оны түвшинд хүрч, 2023 оны дөрөвдүгээр сар гэхэд хоёр жилийн хугацаанд сэргэх төлөвтэй байгааг дурджээ. Дотоодын болон Европын эрэлт тогтвортой сэргэх төлөвтэй байгаа ч 2022 он хүртэл хилийн чанад дахь зах зээлийн эрэлт сэргэх төлөвгүй байна. Цөөхөн хэдэн газрыг эс тооцвол зочид буудлын үнэ энэ жил буурч, оны сүүлээр сэргэх төлөвтэй байна. Гэхдээ 2024 он хүртэл хямралын өмнөх түвшинд эргэж орохгүй гэжээ.
Гэхдээ энэ оны III улирлаас олон улсын аялал жуулчлал сэргэх магадлалтай гэж дээрх судалгааны байгууллагын экспертүүд урьдчилсан мэдээндээ тусгажээ. Түүнчлэн шинжээчдийн 20 орчим хувь нь сэргэлт 2022 он хүртэл тодорхой үр дүн гарахгүй гэжээ. Бизнес, аялал жуулчлал судлаач, докторант С.Алтантуяа “Дотоодын аялал жуулчлал олон улсын аяллаас илүү хурдан сэргэх хандлагатай байна гэж дүгнэж байна” гэж онцолжээ. Мөн тэрээр уг судалгааг үндэслэн хэлэхдээ “Манай улс СОVID-19 -ийн дараах аялал жуулчлалын сэргэлт дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүгнэлт, мэдээгээр ойрын дөрвөн жилдээ аажмаар сэргэх нь тодорхой.
Гадны жуулчдын урсгал нэмэгдэхийг хүлээлгүй ажиллах хүчин өөр салбарт шилжих эрсдэлд анхаарлаа хандуулж, мэргэшсэн хүний нөөцүүдээ авч үлдэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Учир нь салбартаа үргэлжлүүлж ажиллахаар шийдвэр гаргасан аялал жуулчлалын бизнес эрхлэгчид ч бусад салбарт тухайлбал, газар тариалан, мал аж ахуй, тээвэр худалдаа, сургалт судалгаа гэсэн чиглэлд давхар ажиллах боломжуудыг хайж байна. Тиймээс даруйхан дотоодын аялагчдын урсгалыг /2021-2022 онд онцгой анхаарах/ урьдчилан тодорхойлж бэлтгэл ажлуудыг хангах хэрэгтэй. Үүнд хоолны газрууд, үзвэр үйлчилгээ, хог хаягдал хортой цэгүүдийг цогцоор нь шийдэх, дотоодын аялагчдад зориулсан аялал жуулчлалын анхан шатны боловсролын хөтөлбөрийг яаралтай боловсруулж бүх шатанд сурталчлах шаардлагатай. Мөн дотоодын аялал жуулчлалыг бүсчлэн нутаг дэвсгэр, урсгал нягтрал, зорилго төрөл, төсөв гэсэн үзүүлэлтээр бодлогыгн стратегиа тодорхойлох. Тур операторуудын хувьд гадагш чиглэсэн аялал жуулчлалаас илүү дотоодын аялал жуулчлалаа сайн хөгжүүлэх, аялагчдад зориулсан маршрут, аяллын багц, үнийн саналуудыг төлөвлөх ялангуяа, зорилтот групп аяллуудыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах нь чухал” гэсэн юм.
Аялал жуулчлал сэргэхэд удаж буй шалтгааныг бас судалгаанд дурджээ. Үүнд аяллын хязгаарлалт, вирусыг хумих явц удаан, хэрэглэгчийн итгэл сул, улс орнуудын хооронд хариу арга хэмжээ авахад бэрхшээлтэй, эдийн засгийн уналт нөлөөлж байна гэж үзэж байна. Цаашид ,”Улс орнуудын хооронд харилцан уялдаатайгаар хязгаарлалтыг зохицуулсан хариу арга хэмжээ аваагүй мөн эдийн засгийн нөхцөл байдал уналттай байгаа нь салбар дахин сэргэхэд саад болж байгаа юм” гэж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага үзсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.20 БААСАН № 163 (6640)