Х.ОЮУНБОЛД

 

Мьянмар дахь НҮБ-ын хүний эрхийн нөхцөл байдлын тухай хариуцсан  тусгай илтгэгч Том Эндрюс “Мьянмар улс Зүүн өмнөд Азиар цар тахал хараа хяналтгүйгээр тархах боломжтой болсноос хойш COVID-19-ийн эрсдэлд өртөх нутагт ороод байна” гэж  энэ лхагва гаригт “The Guardian” сонинд ярьжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн улмаас үүссэн эдийн засаг болон  улс төрийн гүнзгий хямралаас гадна Мьянмар  одоог хүртэл цар тахлын хүнд дэгдэлтийн үетэй тулгараад байсан юм. Энэ талаар Том Эндрюс  “Халдвар авсан тохиолдлын болон цар тахлаар нас барсан хүмүүсийн тоо тодорхойгүй байна. Учир нь сэтгүүлчид болон эмнэлгийн ажилтнуудад халдаж байгаа учраас энэ талаар мэдээлэл олж авахад бэрхшээл учирч байна. Бид цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгааг мэднэ. Их хурдан, түгшмээр хурдан халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байна” гэж онцолжээ. Мьянмарын зэвсэгт хүчний хяналтад байгаа Спортын болон Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр “COVID-19”-ийн улмаас өнгөрсөн сарын 1-нээс хойш 4629 хүн нас бараад байгаа аж. Гэхдээ энэ тоо нь бодит байдлаас доогуур байна гэж үзжээ. Мөн цэргийнхний хяналтад байгаа орон нутгийн хэвлэлээр  энэ долоо хоногт цар тахлаар нас барсан хүмүүсийг чандарлахын тулд Рангун хотын  оршуулгын газарт 10 шинэ цогцос чандарлах газар  барина гэж зарласныг “Ирравади” цахим хуудас мэдээлсэн байна. Мөн Том Эндрюс “Рангун хотод гурван төрлийн дараалал харах нь түгээмэл байдаг. Нэг нь мөнгөний автомат машинд, хангамжийн хүчилтөрөгч авах дараалал бол гурав дахь нь шарил хадгалах газар,  чандарлах газарт үүссэн дараалал юм” гэж ярьжээ. Гэхдээ хамгийн осолтой нь Мьянмарын зэвсэгт хүчин хүчилтөрөгч авах гэж дугаарлаж байгаа хүмүүсийг шууд бууддаг гэж онцолсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.30 БААСАН № 148 (6625)