С.САРУУЛ
Олимп үргэлжлэн явагдаж буй энэ өдрүүдэд Токио хотод илрэх Ковидын халдварын тоо эрс нэмэгдсэн болохыг албаныхан мэдээллээ. Өчигдөр л гэхэд Японы нийслэлд 2848 тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 7-ны дээд амжилтыг (2520) даван гарчээ. Эрүүл мэндийн байгууллагууд коронавирусийн шинэ хувилбаруудаас болгоомжилж байгаагаа илэрхийлж, зуны улиралд халдварын тоо улам нэмэгдэнэ гэсэн таамагтай байгаагаа илэрхийлжээ. Олимпийн наадмыг эсэргүүцэгчид ОУОХ-г Ковидын эрсдэлийг бууруулах тал дээр хангалттай ажиллаагүй хэмээн шүүмжилж байна.
Олимп эхэлснээс хойш 18 тамирчны шинжилгээ эерэг гарсан бөгөөд тамирчдын тосгонд бүртгэгдсэн халдварын тоо 20 болоод буй. ОУОХ-ны зүгээс долдугаар сарын 1-26-ны хооронд 274,935 сорилд шинжилгээ хийхэд 57 хариу эерэг гарсан бөгөөд энэ нь хувиар тооцвол 0.02 хувиас нь Ковид илэрч байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn