Б.ДОЛЖИНЖАВ
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төвөөс бизнесийн байгууллага дахь ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах ойлголтыг нэмэгдүүлэх, бизнесийн ёс зүй, шударга байдлыг дэмжиж ажиллах нь компаниудад ямар үр өгөөжтэй талаар нээлттэй санал солилцох уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Уулзалтад хот болон орон нутгийн нийт 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцов.
Судалгаанд нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцсон бөгөөд бизнесийн ёс зүйн нэгдсэн ойлголт дутмаг байгааг Транспэрэнси Интернэшнл ТББ-ын зөвлөх Д.Тэгшбаяр онцоллоо. Тэрбээр “Ёс зүйн зохицуулалтын хувьд зарим аж ахуйн нэгжүүд тодорхой дүрэм, журам механизмтай байхад зарим нь огт зохицуулалтгүй, ойлголтгүй байснаар хоёр туйлд хуваагдаж байна. Тухайлбал судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 30-40 хувь орчим нь ёс зүйн дүрэм болон гэрээнүүддээ авлигын эсрэг заалттай, шүгэл үлээх механизмтай байна. Мөн дийлэнх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд авлига, залилан, луйвар, хөрөнгө завших, ашиг сонирхлын зөрчил зэрэг асуудлууд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд бизнесийн ёс зүй, шударга байдлын ерөнхий болон нарийвчилсан сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байгааг илтгэж байна” гэсэн юм.
Бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсооход хувийн хэвшлийнхэн хамтрал үүсгэж “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг МҮХАҮТ, Транспэрэнси Интернэшнл, Рио Тинто Монгол компани хамтран хэрэгжүүлж байна. Төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж нь МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төв байх юм.
Эх сурвалж:www.polit.mn