З.ОЮУН-ЭРДЭНЭ
Соёлын биет болон биет бус өв, үндэсний язгуур урлагийг сурталчлан таниулж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа Алтай хамтлагийг үүсгэн байгуулагч, “Агуй о2” төслийн санаачлагч продюссер Угсаатны хөгжим судлаач Д.Ганпүрэвтэй ярилцлаа.
-Алтай хамтлагийн нэрнээс эхлээд өвөрмөц, утга учиртай санагддаг. Язгуур урлагаа таниулах зорилго биелэлээ олж байна уу?
-Миний хувьд олон улсын болон Монголын зах зээлд этник чиглэлд олон жил ажилласан. Алтай бол мэргэжлийн хөгжимчин юмуу этник чиглэлийн хамтлаг биш. Цэвэр язгуур урлагийн өвлөн уламжлагч гэж хэлж болно. Тэр ч утгаараа эртний 1500 жилийн өмнөх Жаргалант хайрханаас олдсон хөгжмийн олдворыг дахин сэргээх судалгааны үйл явцад Алтай хамтлаг 2011 онд байгуулагдсан. Судалгаа болон хамтлагийн нэр хоёулаа Алтай уулсаар төсөөлсөн. Алтай ятга маань биет соёл. Алтай хамтлаг биет бус соёл.Аль аль нь Алтай язгуур гэсэн үг л дээ. Хамтлагийн найман уран бүтээлч дан хөгжим тоглохын хажуугаар цуур, хөөмий, хэл хуур, бие биелгээ гэх зэргээр биет бус өвийг давхар дуулж хуурдаж тоглож түгээдгээрээ онцлогтой.
Угсаатны талын хөгжил Монголд зогсонги байдалд орсон, дорвитой судалгаа алга. Хөгжимнүүдийг дахин сэргээх, урын сангаа баяжуулахын тулд хамтлаг байгуулах шаардлага гарсан. Тухайн үедээ Алтай гэдэг нэртэй байгаагүй. Нэрийг нь өөрчилж бүх хүүхдүүдээ цензурдэж мэргэжлийн болон авьяасыг нь хөгжүүлэхэд нэлээн сэтгэл гаргаж ажиллаад өнөөг хүрлээ.
Судалгааны болон Алтай ятгын хүрээнд 70-80 орчим уран бүтээл туурвисан. Тэр дундаа Алтай ятгыг сэргээх олонд хүргэх зорилгоор бие даасан урын сантай. Алтай хамтлагт хамаарах уран бүтээлүүд ч цөөнгүй. Уртын дууг Алтай хамтлагт хамааруулж болно. Тиймдээ ч өөрийн гэсэн уртын дуучинтай болж хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд орсон уртын дуу хөөмий хэл хуур бүгдийг Алтай хамтлагаар дамжуулан таниулна.
-Язгуур урлагийн хамтлаг цөөнгүй бий. Алтай хамтлаг юугаараа онцгой вэ. Өөрсдийн имиджээ хэрхэн тодорхойлох вэ?
-Алтай хамтлаг язгуур урлагийн ижил чиглэлийн хамтлагуудаас нэлээн онцлогтой. Судалгаанд түшиглэсэн уран бүтээлтэй. Судалгаагаар дамжуулан эртний нүүдэлчдийн дуу хуур хөгжмийн соёлыг дахин сэргээж олонд таниулахаас гадна өөрсдийн өвлөн уламжлагчтай. Жишээлбэл, 4-12 үеийн өвлөн уламжлагчдаас бүрдсэн. Өвлөн уламжлалыг хөгжүүлэн өөрсдийн уран бүтээлээр дамжуулах зорилгыг бас тээж байна. Манай хамтлагт Увс аймгийн Тариалан сумын биелээч Балганы үр хүүхдүүд болох 13 үеийн биелээч ах, дүү гурав бий. Биелэхээс гадна товшуур, ёочин, шагширга тоглох зэргээр давхар хөгжмийн төрлийн авъяас билгийг нээж үзүүлдэг. Хамтлагийн ахлагч Санчир икэл хуураар дөрөв дэхь үеийн өвлөн уламжлагч гэж явдаг. Өвөг эцэг нь дээр үед хошуу ноёны морин хуурч байсан. Өвлөн уламжлагчид мэргэшил шаардахгүй. Бусад нь бол мэргэшсэн хөгжимчид.
- Агуй о2-ийг бүтээх болсон тухайгаа хуваалцахгүй юу. Үүгээр дамжуулж юу хэлэхийг зорьсон бэ?
- Агуй о2-оор төлөөлүүлж угсаатныг бүтээж буй бүхий л биет бус соёлыг хүчилтөрөгчтэй зүйрлэн нэрлэсэн. Энэ агуйгаа 1.6 жилийн хугацаанд бүтээсэн.
Монголын нийгэмд ардын урлаг тэр тусмаа язгуур урлаг, өвлөн уламжлалаар амьдрах нөхцөл бололцоо байдаггүй. Биет бус өвлөн уламжлагч гэж нэрлэж байгаа ч гэсэн улсаас өвийг нь хамгаална гэхээс уламжлагчийг нь тоодоггүй юм л даа. Тиймээс байгуулагдсан цагаасаа хойш олон жил зүтгэж яваа Алтай хамтлаг улсынхаа хэмжээнд дэмжлэг, цалингүй. Гэтэл маш чухал өвлөн уламжлал, үнэ цэнийг тээж байгаа эдгээр хүүхдүүдийг амьдруулах үнэхээр шаардлагатай. Гэлээ гээд би хүүхдүүдээ тараачихмааргүй байна. Тайзны орчин язгуур урлагийнх биш. Харин байгаль тохиромжтой орчин нь болдог. Язгуур өв соёлын орчин байгалийн оролцоотойгоор үүсэж бүрэлдэж угсаатан соёлоор тэтгэгдэж хөгжиж байдаг. Тиймээс Алтай хамтлагтаа зориулаад орчин бүрдүүлэхгүй бол Монголд энэ орчин бүрдэхгүй байна гэсэн санаан дээрээс агуйг бүтээсэн маань Монголдоо анхдагч болж байна.
2019 оны тавдугаар сарын 17-нд Монголын театрын музейд “Ирээдүйд өвлүүлэх өв соёл” нэртэй алтай ятгын үзэсгэлэн гаргасан. Язгуур өв соёл, музейн угсаатны соёл бие биенээ тэтгэх чанартай. Бид заавал музей руу орж байж үзэгчдийг олон тоогоор татах, хоёрдугаарт олон хүмүүст музейн орчныг гоёор тайлбарлан таниулах зорилгоор ямар нэг байдлаар урлагийг буюу Алтай хамтлагийг оруулъя гэсэн санаа юм. Мөн олон зуун жилийн түүхтэй хөгжим зэмсгээр зүгээр л дөрвөлжин байранд тоглоод байвал төдийлөн сонирхолтой биш. Уртын дуу гэхэд л 1000, алтай ятга хэл хуур 3000 жилийн түүхтэй. Энэ бүгдийг бүрдүүлж буй гол зүйл нь Соёлын өв бөгөөд тэр өвийг хүнд хэрэгтэй маш чухал хүчилтөрөгч нь байна гээд “Агуй о2” заал барихаар шийдсэн. Агуй хүн төрөлхтний үүсэл гаралтай холбоотой анхдагч оромж болж анхны бүтээлч үйл ажиллагаанууд энэ дотор явагдсан. Хадны зурагнууд ч тэр. Агуй дотор хамгийн анхны хүн төрөлхтний хөгжим өлгийдөж үүссэн. Яг л хүн төрөлхтний эхийн хэвлий шиг.
“Агуй о2” өргөө Монголын Театрын музей дахь хөгжмийн үнэ цэнийг өсгөж, олон хүүхдэд боловсролын хэмжээнд мэдлэг олгох зорилготой. Гадны аялагчдад Монголын соёлыг ойлгуулах биет биет бус өвүүдийн ялгааг ойлгуулна. Тухайлбал,1500 километрийн цаана байгаа хадны шилмэл зургуудыг агуйн хадан дээр хийсэн нь ийм үнэ цэнэтэй зураг байдгийг мэдэж авбал жуулчин хадны эх зургуудыг үзэх сонирхол төрнө. Цаашид Алтайн судалгааг Агуй о2-оор дамжуулан хүргэхийг зорьж байна.
-Агуйд тавьсан хөгжмийн сонголт бас утга учиртай санагдлаа?
-Икэл хуур, бөмбөр, хэнгэрэг, шагай, алтай ятга, их хуур, ятга гээд долоон төрлийн хөгжим бий. Ятга, ёочин, шанз, хуучир хөгжмийг оруулаагүй. Учир нь Монгол хөгөөрөө байгаа. Ёочин бол X зуунд Монголд орж ирээд идээшсэн. Тиймээс урд зүгийн технилогитой хөгжмийг оруулаагүй.
-Язгуур урлагийн хамтлагийг гадаад орон сонирхож тоглуулдаг. Өв соёлоо олон улсад сурталчлах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Анх Алтай ятгыг эгшиглүүлэх ёслол 2014 онд болсон. Энэ үеэр Алтай ятгыг Герман, Монголын соёлын харилцааны бэлгэ тэмдэг болгосон. Тиймдээ ч 2011 оноос эхлүүлсэн судалгаа маань Алтай ятгыг биежүүлж олон түмэнд таниулаад явж байна. Манай хамтдаг Европ болон Азийн орнуудаар ихэвчлэн явж тоглосон. Европд очлоо гэхэд Герман, Франц, Белги, Голланд, Дани, Люксембург, Австрали , Итали орнуудад цөөнгүй тоглосон.
Сүүлд Тайвань, Турк, Франц, ОХУ-д урилгаар тоглох байсан ч цар тахлаас болж хойшлоод байна. Тиймээс дотоод үйл ажиллагаандаа анхаарч илүү сайжруулах төлөвлөгөөтэй байна.
-Монгол өв соёл олон нийтэд хүрэх нь төдийлөн бага гэж та хэллээ. Энэ соёлыг дан ганц уран бүтээлчид түгээн дэлгэрүүлэхээс гадна өөр яах ёстой вэ?
-Улс гүрэн тогтвортой хүчтэй байхад хөгжмийн хөг хөгжиж байдаг бол эсрэгээрээ хөгжил буурахад хөг нь алдаж тасардаг. XIII-р зууны үед Монголын соёл маш хүчтэй байсан нь Юань их гүрний ордны хөгжимчдөөс харагддаг. 412 хөгжимчин байсан. Торгоны замаар дорнын маш олон хөгжмийн соёл Монголын Юань их гүрний Хубилай хааны ордонд цогцолж байсан. Энэ нь маш том бодлого байсан. Бага хаадын бутралын үеэс хойш энэ бүх соёлууд алга болсон. Дээрээс нь язгуурын Монголчуудыг тогтоож барьдаг чухал соёл бий. Жишээлбэл, тойрон бүжгийн олон төрөлт зүйлүүд байсан нь одоо бараг алга. Ятгыг нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг гэдгийг Г.Бадрах Ж.Бадраа нар бичиж үлдээсэн. Шөрмөсөн ятга, баран ятга, Өлзийт ятга, төрийн ятга, ахуйн ятга бүгд байхгүй байгаа нь харийн бодлоготой холбоотой.Харийн бодлогод хичнээн язгуурын олон зүйлсээ алдсаныг бараг хэн ч мэдэхгүй. Энэ нь өөрөө хүмүүс музей руу ирэхгүй байх язгуур урлагаа ойлгохгүй байх шалтгаан гэж боддог. Монгол Улс одоог хүртэл соёлоо өндийлгөж босгож чадаагүй л байна. Тиймээс энэ нь зөвхөн өнөөдрийх биш Манжийн үеийг оруулаад сүүлийн 600 жилийн асуудал. Язгуурын соёлоо илүү сэргээх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.25 БААСАН № 127 (6604)