С.САРУУЛ

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар Их хурлын чуулганд илтгэл тавьж байна. Түүний илтгэлээс онцлох 15 эшлэлийг хүргэж байна.

-Ерөнхийлөгчийн 2021 оны энэ удаагийн ээлжит сонгууль нь дэлхий нийтийг хамраад буй  цар тахлын хүнд нөхцөл байдалд, дотооддоо халдвар тархсан цаг үед явагдсан нь сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээг хамарч, бидэнд шинэ сорилт боллоо.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг гадаадын 30 улсын 44 дипломат төлөөлөгчийн газарт 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

-Ерөнхийлөгчийн айм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс болон 44 салбар  комисс, 2087 хэсгийн хороонд нийт 22300 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 2800 албан хаагч ажилласнаас гадна, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 5474 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагаатай холбоотойгоор 3137 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн 8500 албан хаагч нийт 42211 төрийн албан хаагч ажиллалаа.

-Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн  газар болон тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг санал тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгслийг хуульд заасны дагуу нэг бүрчлэн шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосон болно.

-Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаадын болон олон улсын байгууллага, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яамдаас ажиглалт хийн үнэлэлт дүгнэлтээ танилцуулж эхэллээ. Тухайлбал, ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай багийн 8 орны 11 ажиглагч, Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны шугамаар Филиппин улсын Сонгуулийн төв комиссын 2 ажиглагч, Их Британи, АНУ, Япон, Австрали улсын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын 39 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг ажилласанаас гадна манай улсад үйл ажиллагаа явуулж буй Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 44 ажиглагч сонгуулийг ажиглалаа.

-Сонгогчдыг мэдээллээр хангах, сонгуулийн үйл явцыг сурвалжилж, мэдээ мэдээллийг шуурхай түгээхэд хувь нэмрээ оруулахаар дотоодын 80 хэвлэл мэдээллийн 450 гаруй сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилтнууд ажилласанаас гадна гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын 13 байгууллагын 16 сэтгүүлч, сурвалжлагчид ажилласан.

-Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдээсээ санал авах ажиллагааг зохион байгуулахад цаашид тодорхой хэд хэдэн чиглэлээр анхаарч ажиллах шаардлага үүсч байгааг онцлон дурдаж байна. Тухайлбал саналаа өгөх тухай хүсэлт гаргах болон санал авах ажиллагааг цахимжуулж сонгогчдын идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлж, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шинэчлэлтэй холбоотой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байна.

-Санал авах ажиллагааны цахим системийн оновчтой шийдлийг нэмэгдүүлж, хэсэгчлэн нэвтрүүлснээр саналаа өгөхөд хүндрэл үүсдэг зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Тухайлбал улирлын шинжтэй ажилладаг уул уурхайн салбарын ажилчид, оюутнууд саналаа өгөхөд үүсдэг хүндрэл болох байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байгаа тохиолдолд саналыг нь авах ажиллагааг зохион байгуулах бүрэн боломж бүрдэх ач холбогдолтой юм.

-Сонгогчдын идэвхи оролцоог сайжруулах, сонгуулийн болон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх ач холбогдлыг сонгогчдод тайлбарлан таниулах, сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны талаар суурь мэдээ, мэдээллийг хүргэх зэрэг сонгогчдын боловсролд зориулсан үйл ажиллагааг сонгуулийн болон сонгуулийн бус жилд өргөн цар хүрээтэйгээр, тогтмол, хүртээмжтэй хэлбэрээр явуулах чиглэлд Сонгуулийн ерөнхий хороо онцгой анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байгаа тул уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сонгуулийн төв байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна.

-2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын олонхи буюу 59.35 хувь нь оролцлоо.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд хяналтын камер ажиллуулж, нэгдсэн сүлжээнд холбон гадаадын ажиглагч болон нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагч, иргэд сонгогчдод сонгуулийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах техникийн шийдлийг хэрэгжүүлэн ажиллалаа.

-Үндэсний статистикийн мэдээллийн сангийн насны ангилалд нийцүүлэн ирц бүртгэлийн нэгдсэн шинэ системийг нэвтрүүлж амжилттай ажиллалаа.

 -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дууссаны дараа 2087 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон болно.

 Эх сурвалж: www.polit.mn