Ардын дуу сонирхон судлагч Б.АЛТАНХУЯГ
“Шаарын өндөр мод” гэх нэгэн сайхан дууны домгийг хайж, эрэн сурвалжлах явцад нэлээд олон хувилбар байгааг олж мэдсэнээ, олон сонирхолтой мэдээлэл олсноо, өөрт төрсөн бодлуудаа та бүхэнтэй хуваалцаж байна.
1. Монгол Улсад дуулагдаж байгаа хувилбар.
Монголын радиод МУАЖ А.Загдсүрэн гуайн бичүүлж үлдээсэн хувилбар. Торгуудын соёлын өв тээгч, нэрт туульч Магсарын Пүрэвжал гуай “Шаргын шаргын жороо”, “Шаарын өндөр” зэрэг дуунуудыг зохиосон тухай МЗХ-ны гишүүн агсан П.Жүгдэрнамжил бичиж үлдээсэн байдаг. Вангийн хошууны ноёны бүжигчин агсан Пүрэвжал гуай энэ дууг сонсож байсан, санаж байгаагаараа олонд хүргэсэн гэж өөрөө ярьдаг байсан тухай ойрынх нь төрлийн хүн өгүүлж байна. Ямар ч байсан энэ сайхан хүний буянаар өнөө үеийн бидэнд энэ дуу өвлөгдөн иржээ гэдгийг тэмдэглэх нь шударга үнэнд нийцнэ байх.
МУАЖ А.Загдсүрэн гуай 1953 онд Бээжинд айлчлан тоглолт хийх үед “Шаргын шаргын жороог” анх дуулсан гэдэг. “Шаарын өндөр мод”-ыг ч гэсэн энэ л үед М.Пүрэвжал гуайгаас өөрөөс нь ам дамжилгүй сурвалжилж сурсан байх магадлал маш өндөр байна.
Энэ дуу нь хүний нутагт бэрд очсон залуу бүсгүй эх нутаг, аав ээж, ах дүү нараа санан дурсаж, явуулын хүнээр үг дайж байгаа тухай гунигт дуу юм.
ШААРЫН ӨНДӨР МОД
Шаарын өндөр модонд оо (Хар шаар нутагт бэрд очсон, тэр нутгаа хэлж байна)
Шаазгай юундаа суусым бол (Хүн хүсэмжилсэн санаагаа илэрхийлж байна)
Шаарын нутгийн хүүхэн би (Энд “Сайрын” буюу Ховог сайрын хүүхэн гэсэн утга)
Шартай (шаарт) юунд суусым бол (Харшаар нутагт ирсэндээ харамсаж байна)
Баян цагаан гэдэг чинь (Энд дуулагдаж байгаа утгатай санал нийлдэггүй учир судалгаа шаардлагатай)
Бариа гэрийн чимэг ээ хө
Бараан цоохор адуу нь (Цоохор адуу бараан байдаг бол их л ховор байх)
Миний л аавын адуу даа
Зандан ээжийг минь асуувал (Хүрэн бор царайтай гэсэн үг, хүний нэр биш)
Зовж л байна гээрэй та (Ойр дотныхоо хүнд тийм ч сайн биш байгаагаа хэлж байна)
Замын ах нарыг асуувал (Хөндлөнгийн хүмүүст муухан яваагаа мэдэгдэхгүй гэсэн санаа)
Жаргаж л байна гээрэй та
Хоёр ахыг минь асуувал (Өмнөх бадагтай ижил утгатай)
Зовж л байна гээрэй та
Хошууны ах нарыг асуувал
Жаргаж л байна гээрэй та
Энэ дуунд Хар шаар буюу хар бараан өнгөтэй сайрын тухай, Ховог сайр буюу ховоо мэт харанхуй, гүнзгий сайрын тухай, Жим сайр буюу малын жим адил нарийн сайр нутгийн тухай дурьдагддаг. Эдгээр газрууд нь бүгд Шинжааны нутагт байдаг.
2. Киргизийн сарт халимаг хувилбар:
Телевизийн “Дэлхийд тархсан монгочууд” цувралын, “Заншлын хэлхээ” нэвтрүүлгээр Киргизэд амьдарч байгаа цөөн тоот монголчуудын төлөөлөл буюу калмак эмгэний дуулснаар бидэнд танил болсон хувилбар. 1880 оны үед Шинжаан нутгаас Киргизэд нүүн очиж суурьшсан гэх эдгээр ойрад угсаатнууд нь одоо 10000 орчим хүн байдаг гэсэн мэдээ байна. Цагийн эрхээр мусульман шашинтай болсон учир мусульмантны билэг тэмдгийг авсныг илэрхийлж “Сарт халимаг” гэж тодотгох болжээ. Төрөлх хэлээрээ 60-аас дээш насны цөөхөн хүмүүс ярьдаг мөртлөө Шаарын өндөр модыг хэд хэдэн хувилбараар дуулж байгаа нь үнэхээр гайхалтай.
Саглр саглр моднд
Саглр саглр моднд (Халимаг болон Шинжааны ойрадууд үгийн төгсгөлийн үеүүдэд богино эгшиг үсгийг бичдэггүй юм байна)
Шаазгай шувуу цуглрна
Шаазгайн алаг нүднээс
Нулимс нь юундаа асгарна
Аавтайгаа байхдагаан
Артай торго өмслөө би
Аавыгаасаа салахыдаа (салаад, холдоод, хүний нутагт очоод гэсэн утга)
Алдарсан дээс боллоо би
Ээжийтэйгээ байхдагаан
Эрээтэй торго өмслөө би
Ээжийгээсээ салахыдаа
Элдэрсэн дээс боллоо би
Дууны ая ерөнхийдөө Монголд дуулагддаг аятай төстэй, дээр нь модон дээр суусан шаазгайны тухай дуулагдаж байгаа нь монгол хувилбарын эхний бадагтай ойролцоо байсан нь анх анхаарал татаж, сонирхон тэмдэглэж авч байсан юм. Энэ нь ч эндүүрэл биш байсан нь цаашид батлагдсан.
Сарт Халимагийн 2-р хувилбар буюу “Афганистаны хазар” гэх хувилбарын тухайд
“Афганистаны Шар азарга сууринд хазар монгол эмэгтэй буриад хэлээр дуулж байх юм. Гайхалтай! Манай ангийн охины ах нь Афганистанд байлдаж байхдаа дайсны нутагт төрөлх хэлээрээ үүнийг сонсжээ”. Ийм тайлбартайгаар нэгэн настай эмэгтэй “Шаарын өндөр мод” дуутай төстэй дуу дуулж байгаа бичлэг интернэтэд бий. Үгийг нь бидний өнөөгийн төв халх хэлэнд сийрүүлбэл:
Саглагар саглагар модонд
Шаазгай шувуу цугларна
Шаазгайн хар нүднээс
Нулимс нь юундаа асгарна
Бөглөр бөглөр модонд (“Эхийн ач” дууны “Бөмбөр бөмбөр” гэдэгтэй дүйнэ)
Бүргэд шувуу цугларна
Бүргэдийн хар нүднээс
Нулимс нь юундаа асгарна
Хөх торгон хөнжил нь
Хөвөөсөөрөө ударваа (Хөвөөгөөрөө, захаараа ханзарлаа)
Хөөрхий миний минчирмэг (минчирмэг гэдэг нь миний хөөрхөнөө гэсэнтэй дүйнэ)
Хамаагаа яваад хэдэрвээ (хаагуур яваад алдарваа, алга болов оо)
Хар торгон хөнжил нь
Хаваасаараа ударваа (хаваасаараа ханзарлаа)
Харин миний минчирмэг
Хамаагаа яваад хэдэрвээ
Гэтэл энэ бичлэг нь Халимагийн нэгэн сурвалжлагч өмнө дурьдагдсан Сарт халимагуудын Магрифа гэдэг эмгэнээс 2009 онд авсан сурвалжлагын нэг хэсэг болох нь уг бичлэгийг бүтнээр нь сонирхоход ойлгогдох болно. Чухам ямар сэдлээр ийм засвар хийсэн бичлэг интернэтэд байрлуулсан нь ойлгомжгүй боловч 18-р зуунд зохиогдсон энэ дууг 13-р зуунд Афганистанд очсон хазаар монголчууд яагаад ч мэдэж байх боломжгүй юм. Энэ хувилбарын сүүлийн хоёр бадгийг анхаарвал нөхөр нь удаан хугацаагаар эхнэрээ ганцааранг нь орхиж явдгийг зэмлэн дуулж байгааг ойлгоход тийм ч хэцүү биш байна. Энэ 2 бадаг бусад хувилбаруудад давтагдахгүй байгаа юм. Эхний 2 бадаг нь өмнөх хувилбартай ижил бөгөөд нэг аяар дуулагдаж байгаа.
3. Шинжааны торгууд хувилбарууд.
А. Үндэстний цахим өв академийн тэргүүн Ж.Төмөрхуяг Шинжаан уйгарын Зангуу гэдэг хүнээр дуулуулж, “Баруун монгол ардын дуу хөгжим” номонд хэвлүүлсэн хувилбар.
Аавынхаа гэрт байхдагаан
Аавынхаа гэрт байхдагаан
Артай торгоон өмслээв би
Айлын нутагт одоод
Арьсан дэвэлээ оёлоов би
Ээжийнхээ гэрт байхдагаан
Эрээтэй торгоон өмслээв би
Эднээн нутагт ирээд
Идээтэй арьс элдлээв би
Аав минь сурахуул
Амар байна гэж хэлээч хоё
Ах минь сурахуул
Зовж байна гэж хэлээч хоё
Ээж минь сурахуул
Жаргаж байна гэж хэлээч хоё
Эгч минь сурахуул
Зовж байна гэж хэлээч хоё
Энэ дууны эхний хоёр бадаг нь Сарт халимагийн 2-р хувилбарынхтай бараг ижил учраас анзаарч тэмдэглэж авсан юм. Шинжаан хувилбарын “байхдагаан, өмслөөв, оёлоов, сурахуул” гэсэн үгнүүд ижил үндэстэй монгол үгнүүдтэй утга нэг байна. Мөн 3-4-р бадаг нь монгол хувилбарын 3-4-р бадагтай утга ойролцоо байна.
Энэ дууны бас нэг төстэй хувилбар “Монгол угсаатны богино дуу” түүврийн 6-р дэвтрийн 626-р талд бий.
Б. Халимагт сурч байгаа Шинжааны ойрад оюутнуудын хувилбар:
Халимагт сурч байгаа Шинжааны ойрад оюутнууд Зул сарын баярыг хэрхэн тэмдэглэж байгаа тухай бичлэг интернэтэд бий. Тэр бичлэгт дараахи дууг дуулж байх юм.
Хар хээрийн тарганд
Хар хээрийн тарганд аа
Хайртай та нарын сэтгэлд ээ
Халиглаж байгаа зүрхээ
Хар архиараа даруулна
Улаан хээрийн тарганд аа
Уяхан та нарын сэтгэлд ээ
Уярч байгаа зүрхээ
Улаан архиараа даруулна
Хөх борын тарганд аа
Хөөрхий л та нарын сэтгэлд
Хөвсөж байгаа сэтгэлээ
Хөхүүртэй архиараа даруулна
Энэ хувилбар утгын хувьд өмнөх хувилбаруудтай холбоогүй ч гэсэн ая нь төстэй байснаар нь баримжаалж анзаарсан юм. Буруу биш байсан нь дараахи хувилбараар баталгаажсан.
В. Шинжааны дуучин Баяртын дуулсан хувилбар мөн интернэтэд байгаа.
Баян цагаан
Саглагар саглагар модондоо
Шаазгай шувуу нь цугларна
Шаазгайн алаг нүднээс нь
Нулимс нь юундаа бөмбөрнө аа
Бөглөр бөглөр модондоо
Бүргэд шувуу нь цугларна
Бүрэвгэр алаг нүднээс нь
Нулимс нь юундаа асгарна
Хар хээрийн таргандаа
Хайртай та нарын сэтгэлдээ
Халиглаж байгаа сэтгэлээ
Хар архиараан дарууллаав
Улаан хээрийн тарганд
Уяхан та нарын сэтгэлд
Уярч байгаа зүрхийгээ
Улаан л архиараа дарууллаав
Хөх борын тарганд
Хөрхий л та нарын сэтгэлд
Хөвхөлзөж байгаа зүрхийгээ
Хөхүүртэй л архиараа дарууллаав (Хөхүүр хэлбэртэй архины сав, “дашмаг”)
Баян Цагаан гэдэг нь
Манай аавын зуслан шүү (Ямар ч “гэрийн чимэг” биш байна)
Ванчин богд гэдэг чинь
Манай аавын шүтээн шүү
Гитар хөгжимтэй маш хэвлүүхэн дуулж байх энэ хувилбарын 1-2-р бадгууд нь Сарт халимагийн Магрифа эмгэний хувилбарынхтай, 3-5-р бадгууд Шинжааны оюутнуудын дуулсантай ижил байсан нь эрлийг улам сонирхолтой болгосон. Дээрхи хувилбарууд ижил аятай байхаас гадна их бага хэмжээгээр үг, мөр, бадаг давтагдаж байгаа нь эдгээр дуу нь нэгэн дууны хувилбарууд, үргэлжлэл юм байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна.
Г. “Монгол угсаатны богино дуу” түүврийн 6-р дэвтрийн 645-р хуудсанд байгаа хувилбар: Энэ хувилбарын эхний 3 бадаг Шинжааны оюутнуудын дуулсантай ижил учир энд дахин нуршилгүй товчлов.
Хөх борын тарганд
. . . Буурал морины тарганд
Болдог та нарын сэтгэлд
Булгилж байгаа зүрхийгээ
Бозын архиараа даруулсу
Саарал морины тарганд
Сайхан та нарын сэтгэлд
Санаж байгаа зүрхийгээ
Саалийн архиараа даруулсу
Догшин борын тарганд
Дотрно та нарын сэтгэлд
Догдолж байгаа зүрхийгээ
Домботой архиараа даруулсу
Шинжааны Алтай, Баянгол, Бортал аймгуудад өөр өөрийн хувилбарууд байна. Эдгээр хувилбарын эхний гурван бадаг нь энд дуулагдаж байгаа морины зүс бүрээр газар газар өөрөөр нэрлэгдэж, тус тусдаа өөр дуу мэт дуулагддаг нь энэ хувилбар Шинжаанд маш их тархсаныг харуулж байна.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.4 БААСАН № 112 (6589)