Б.ДОЛЖИНЖАВ

 

Хятад улсын Синовак үйлдвэрийн “CoronaVac” вакцинд ДЭМБ халдварын эсрэг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрлийг мягмар гаригт олгожээ. Ингэснээр синовак нь синофармын дараа ДЭМБ-ын зөвшөөрлийг авсан Хятад улсын хоёр дахь вакцин болж байна.Энэ талаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “CoronaVac” вакцины хоёр тун нь аюулгүй, халдварын эсрэг үр нөлөөтэй гэдэг нь нотлогдсон. Бага температурт хадгалах боломжтой нь тус вакциныг нөөцлөх боломжийг бий болгож байгаагаараа давуу талтай. Тиймээс энэ вакциныг хэрэгцээт хүмүүст түргэн хүргэх нь нэн тэргүүний асуудал юм” гэж ярьжээ.

Синовакын вакциныг 18-аас дээш насныханд 2-4 долоо хоногийн зайтай хоёр тунгаар тарих зөвлөмж гарчээ. ДЭМБ-ын судалгаагаар  энэ вакцин нь тариулсан хүмүүсийнхээ талаас дээш хувийг коронавирусын халдвараас хамгаалж, нэгэнт халдвар авсан бол өвчний хүндрэлээс 100 хувь сэргийлж чадсан байна.Уламжлалт арга технологиор бүтээсэн, хадгалалтын шаардлага өндөр биш синовакын вакцинд зөвшөөрөл олгосноор  бага болон дундажаас доош орлоготой ядуу буурай орнуудад вакцин түгээх зорилготой COVAX хөтөлбөрт том түлхэц болохыг ДЭМБ онцолсон юм.Урьдчилсан байдлаар Хятад 10 сая тун вакциныг нийлүүлэхээр төлөвлөжээ.

Тус  вакциныг Хятадаас гадна Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг орнуудын хүн амын дархлаажуулалтад ашиглаж байгаа. Нийтдээ 600 сая тун вакциныг Хятад болон бусад улс орнуудад нийлүүлснээс 430 сая тунг нь дархлаажуулалтад ашиглаад байгаа тухай Синовак компани мэдээлжээ.Гэхдээ  Хятад үйлдвэрлэсэн хоёр вак­циныхаа сүүлийн шатны туршилтын судалгаагаа бүрэн дүүрэн гаргаагүй хэмээн эрүүл мэндийн мэргэжилтнүүд шүүмжилсээр байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.3 ПҮРЭВ № 111 (6588)