Б.ОД

Хүнсний талонтой иргэд зөвхөн гэрээт хүнсний дэлгүүрээр буюу улсын хэмжээнд тендерт ялсан 800 орчим дэлгүүрээс үйлчилгээ авдаг байсныг болиулж, улсын хэмжээнд НӨАТ баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байна. Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хүнсний талоны картыг пин коджуулж эхэлсэн.  Халдвар хамгааллын дэглэмээ баримтлан Төрийн банкны өөрийн ойр салбарт очиж хүнсний талон авдаг картаа пин коджуулах боломжтой. Ингэснээр өөрийн хүссэн хүнсний дэлгүүрээ сонгож үйлчлүүлнэ. Иргэний сонголтыг дахин хязгаарлахгүй. Хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжинэ. Шийдвэр гаргах түвшинд дата мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдлүүд бий болно. Цаасан тайлан, хүнд суртал үгүй болно. Хүнсний талоны картыг пин коджуулах ажил тавдугаар сарын 5-н хүртэл үргэлжилнэ” гэв. 

Эх сурвалж:www.polit.mn