Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахал Хятад улсаас анх илэрсэнтэй холбоотойгоор Ази хүмүүсийг гадуурхах үзэл  олон улсад идэвхжсэн юм.  Тухайлбал, COVID-19-ийн улмаас Азиудын эсрэг гэмт хэрэг 150 хувиар өссөн судалгаа гарчээ. Ийн  АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын гурван массажны газарт мягмар гаригт зэвсэгт халдлага гарч, нийт найман хүн алагдсаны зургаа нь Ази гаралтай эмэгтэй байсан нь тус улсад асуудал дагуулж эхэллээ.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг ажиллахаа амлаж байсан тус улсын ерөнхийлөгч Жо Байден энэ сарын эхээр Ази-Америк гаралтай хоёр хууль тогтоогчийн санаачилсан цар тахалтай холбоотой үзэн ядах гэмт хэргийн тухай хуулийн төслийг батлахыг Конгресст уриалав. Тэрээр Жоржиа муж улсад очин Ази-Америк гаралтай удирдагчтай уулзаж мягмар гаригт болсон халдсан талаар ярилцсан юм.

Энэ үеэр “Ази гаралтай хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл манай үндэсний дунд хамгийн удаан оршиж байгаа хамгийн муухай “хор” юм. Энэ нь COVID-19-ийн үед улам нэмэгдлээ. Үүнийг зогсоохын төлөө Америкчууд бүгд ажиллах ёстой. Хуулиар зохицуулах нь сайн ч бид зүрх сэтгэлээ өөрчлөх нь чухал. Америкт үзэн ядалт байх ёсгүй ” гэж ярьсан юм.

Дээрх хуулийн төсөл нь “Цар тахлын үеэр ихэссэн үзэн ядалтын гэмт хэргийг эсрэг үзүүлэх Засгийн газрын хариу үйлдлийг түргэсгэх, үзэн ядалтын гэмт хэргийн талаарх орон нутгийн болон мужийн засаг захиргааны тайлан, дүн мэдээг сайжруулах, энэ төрлийн мэдээллийг Ази-Америкийн байгууллагуудад хүртээмж байхад чиглэнэ” гэж Цагаан ордон мэдээлэв.

Амиа алдсан найман эмэгтэйн бүтэн нэрийг мужийн Захиргаа баасан гаригт зарлалаа. Тэд 33-74 настай байсан аж. Үүнд:

1.Daoyou Feng- 44 настай

2.Delaina Ashley Yaun- 33 настай

3.Hyun Jung Grant- 51 настай

4.Paul Andre Michels- 54 настай

5.Soon Chung Park-74 настай

6.Suncha Kim- 69 настай

7.Xiaojie Tan- 49 настай

8.Yong Ae Yue-63 настай байсан аж. Харин халдлагад өртсөн ес дэх 30 настай эмэгтэй одоо эмнэлэгт эмчлүүлж байна.

Эх сурвалж:BBC