Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-д өнөөдрийн байдлаар 29.3 сая хүн COVID-19 халдвар авч, 527 мянган хүн амиа алдсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Тус улсын хувьд халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, вирусын шинэ хувилбарууд улам хурдацтай тархаж байгаа нь олон нийтийн санааг хамгийн ихээр түгшээж байна. Үүнийг зогсоох, тархалтыг хумих цорын ганц арга зам нь вакцин гэдгийг Жо Байдены Засаг захиргаа зарлаад байгаа билээ.

АНУ-ын хүн амны гуравны нэгээс илүүг  энэ  сарын сүүлээр дархлаажуулахын тулд Moderna, Pfizer, Johnson & Johnson гэсэн компаниуд 130 сая хүнд шаарлагатай вакцин үйлдвэрлэхээр зорьж байна. Үүнээс Moderna компани энэ сарын сүүлээр 100 сая тунг, тавдугаар сарын сүүлээр болон долдугаар сарын сүүлээр тус тус 100 сая тунг нийлүүлнэ гэдгээ тус компанийн захирал, доктор Стефен Хоге мэдэгдлээ.

Харин Pfizer компани энэ сарын сүүлээр 120 сая тунг, тавдугаар сарын сүүлээр 80 сая тунг, долдугаар сарын сүүлээр 100 саяас илүү тунг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Харин нэг тун нь халдвараас хамгаалахаараа онцлогтой, өнгөрсөн долоо хоногт зөвшөөрлөө авсан Johnson & Johnson компани энэ сарын сүүлээр 20 сая тунг, долдугаар сард 100 сая тунг нийлүүлэх зорилго тавьжээ.

Дээрх компаниуд долдугаар сарын сүүлээр гэхэд 400 сая хүний вакцин үйлдвэрлэхээр зорьж байна. Үүнээс гадна дөрөв дэх вакцин болох AstraZeneca-д дөрөвдүгээр сард зөвшөөрөл олгох төлөвтэй байна. Хэрэв зөвшөөрөл олговол 30 сая тунг нэн даруй, дөрөвдүгээр сарын сүүлээр гэхэд 50 сая тунг үйлдвэрлэхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж:CNN