С.САРУУЛ

Сонгуулийн ерөнхий хороо ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зохицуулалттай холбоотой сонгуулийн үйл ажиллагаанд баримтлан ажиллах зарим журмыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Сонгуулийн тухай хууль тогтоомжид “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, хараат бус төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй” гэж заасан нь иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих замаар иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах ажилд хувь нэмрээ оруулах боломж олгодог.

Сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт, хяналт хийсэн төрийн бус байгууллагууд сонгуулийн дараа ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлж, сонгуулийн байгууллагад холбогдох санал зөвлөмжөө илгээн, эргэх холбоотой ажилладаг. Улсын Их Хурлын болон орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн үеэр хэрэгжүүлсэн байдал, хөндлөнгийн хяналт хийн ажилласан төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хүрээнд холбогдох өөрчлөлтийг оруулсан.

Мөн “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийг бүртгэх, үнэмлэх олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Сонгуулийн баримт бичгийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай”, “Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд гэмтэл, саатал гарсны улмаас гар ажиллагаанд шилжүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загвар батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

 Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн онцлог зохицуулалт шинээр орсны нэг нь сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны ажлыг тухайн нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага нь эрхлэн явуулж, улсын хэмжээнд нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосон ерөнхий менежер удирдах юм.

Эх сурвалж: www.polit.mn