Б.ДОЛЖИНЖАВ

Нэрийг нь сонсохоор дайн дажин, айдастай нийгэм, эрх чөлөөгүй иргэд, биеэ бүхэлд нь  халхалсан нөмрөг өмссөн эмэгтэйчүүд төсөөлөгддөг Пакистан улсаас дэлхийн хамгийн залуу Нобелын энх тайвны шагналтан төрсөн нь ихэд онцгой үйл явдал байв. Энэ гайхалтай шагналыг  боловсролын төлөөх тэмцлээсээ болж Талибуудад буудуулсан ч амьд гарч чадсан Малала Юсуфзай хэмээх охин 17 настайдаа хүртсэн юм. Ийн бүх зүйл хаалттай улсаас хэрхэн дэлхийн хэмжээний од болсон тухайгаа бичсэн “Малала” номны онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

Пакистаны өдөр тутмын амьдралын тухай, боловсролын төлөө тэмцэгч гэр бүлийн тухай, айдсыг үл тоон бусдын сайн сайхны төлөө тэмцсэн эр зоригийн тухай, аав охин хоёрын нэг нэгнээ бүхнээс илүү хайрласан хайрын тухай гээд асар олон зүйлийг таньд ойлгуулах болно. Өдгөө 23 настай тэрээр “Малала” сангаараа дамжуулан боловсрол эзэмшиж чадахгүй байгаа 130 сая  охидын төлөө сайн дурын үйл ажиллагаа явуулдаг юм.

-Амьдралд саад бэрхшээл үргэлж тохиолдох ч зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй урагшлах хэрэгтэй.

-Дэлхийн муу муухай зүйл бүрийн эсрэг ямар нэгэн сайн зүйл байдаг гэдэгт би итгэдэг.

-Бид зүрх сэтгэлдээ ч гэсэн бүрэн дүүрэн амьдрах ёстой.

-Би олон газар очиж үзсэн боловч төрөлх хөндий минь миний хувьд хамгийн сайхан газар юм даа гэж бодогддог.

-Аавын минь хийсэн хоол амтаар жаахан дутмаг ч  хайраар дүүрэн байдаг юм.

-Би дэлхийг нэгэн  гэр бүл гэж боддог. Бидний хэн нэг нь зовж шаналах юм бол бид нэгдэн нийлж, тусламж дэмжлэг үзүүлэх ёстой.

-Талибууд зөвхөн миний биеийг л буудсан. Тэд миний итгэл үнэмшлийг үгүй хийж, хүсэл мөрөөдлийг буудаж чадаагүй юм.

-Нэг хүүхэд, нэг багш, нэг үзэг дэлхийг өөрчилж чадна.

-Би шувуу мэт эрх чөлөөтэй амьдарна. Бас салхи шиг эрх чөлөөтэй амьдарна.

-Би одоо 18 хүрсэн ч өөрчлөгдөөгүй нэг зүйл байгаа нь өглөө эрт босох. Хамгийн гайхалтай нь би аавынхаа дуунаар сэрдэг болсон.

-Би энх тайван болон боловсролын төлөөх үйл хэргээ хэзээ ч зогсоохгүй. Би аль болох олон газар сургууль барьж, чадварлаг багштай байх тал дээр нь санаа тавих болно. Надаас өөрчлөгдөлгүй үлдсэн бас нэгэн зүйл нь: Би бууж өгөхөө мэддэггүй өнөө зөрүүд охин хэвээрээ л байгаа. 

Эх сурвалж:www.polit.mn