-Тэмдэглэл-
XX зууны нэрд гарсан төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч Сономын Удвал 1921 оны хоёрдугаар сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төржээ. Нэрт зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд түүний шавь, зохиолч, сэтгүүлч Сүрэнгийн ОЮУНЧИМЭГ-ийн дурсамжийг хүргэж байна.
Сартай шөнө морьд өвс шир шир хазална. Өглөөхөн Буянт-Ухаа буудлаас онгоцонд суусан бид Булганы буудалд тухалчихсан, зэхэж бэлтгэсэн айраг, тарга, өрөмтэй ширээнийхээ ард сууцгаан хол ойрын хууч дэлгэж, "Ай даа манай Булган зундаа тух сайхан шүү, хэний хүү хэнийг дагуулаад ирсэн ч" нүүр бардам гэлцэж ахмад настан 100 дөхөж яваа Түдэв гуайнхаа амыг харж, бахархана. Ийм л өндөр настай, үйлс бүтээлийн түмний хойч учраас залуус бүгдээрээ үйлчилж, настнуудын тохойг түшиж өрөө өрөөнд сугадан оруулахад мөнөөх зуу дөхсөн, партизан өвгөн Түдэв гуайнхаа сүрийг магтаж, залуудаа мөн чийрэг эр яваа даа гэлцэн хөөрөлдсөөр уван цуван өрөө, өрөө рүүгээ орцгоолоо. Орхоны түрхрээн шиг шуугьж шаагьж явдаг Шаагаа ах маань халмагхан багшийн өрөөнд орж ирээд, баахан нуршуу хууч хөөрч, тэгснээ ярианы дундуур инээд нисгэж, Га, У хоёрыг ганганасан шувууд мэт, тохой нийлүүлээд алхаж явахыг харах мөн их заяа аа" гэж бусдаас үг авах гэсэн шиг эргэн тойронгоор харснаа "энэ үгнээс нь үнэн айж, за араас нь ямар үг унагах бол” гэж бэмбийж байсан мань мэтийг анзаарсан уу? Орой болж “Ахайтан унтаж амраг даа” гээд гарлаа. Хуучин зочид буудлын хүнд хүрэн хаалга Шаагаа ахын гарын аясаар биш нээлттэй цонхоор орж ирсэн салхинд савагдан хүчтэй хаагдахад би очиж, хаалганы түгжээ заслаа. Хоёулаа унтахаасаа өмнө салхинд жаахан гарах уу гэвэл:
-Тэгье хөөе... цаадуул тань нэмж балраагүй байгаа даа. Уувал ч өрөө бүрт л сөгнөж дээ гэснээ “Зундуйн Очирыг Шаагаа маань л мөнхөлсөн юм шүү дээ. Дөрвөн цагийн мөнхөд хонины бэлчээрт шилбүүр барьж, үй олноо оройлон нүүдэлчдийн амьдралын ширүүн хатууг дааж гарсан, нэгдэлчдийн аж үйлсийг мөнхөлсөн бүтээлийг Шаагаа маань л бүтээсэн юм” гээд бараг өхөөрдөх мэт, шаазгай шиг жаахан юманд халчих юм даа гэсээр цуваа аван бид хоёр гадаа гарлаа. Зуны шөнийн сар оройтсон үдшээр цэцэрлэгт хүрээлэнгээс шинэс модны зөөлөн үнэр салхиар тээгдэн ирж, хотын та нар агаарт жаал суугаа ч гэх шиг урин авлаа. Хоёулаа маргаашийн баярын нээлтэд монгол дээлээ өмсөх, энэ олон ахмадууд, алдарт цолтнууд нутгаа гээд л зорьж ирж байгаа нь "Монгол хүний сэтгэлд төрсөн нутаг гэдэг өр тоглож байсан чулуутайгаа хамтдаа эрдэнэ мэт зулагдаж үлддэгийнх байх даа" гэнэ. “Цэрэн аварга ирж үү? чи тааралдаагүй биз” гэх нь нутгийнхнаа бүртгэж суугаагийнх аа. Тэгснээ жумалзан:
-Сонгинын тохойд хурлын материал бүрдүүлэх бэлтгэх, зохион байгуулалтын төлөвлөгөөгөө сайтар хийх гээд Улаан нарын эмэгтэйчүүдийн дарга нартай нэг удаа байрлалаа. Амралтын захиргаа надад их анхаарна аа. Бөхчүүд ч тэнд амарч байсан юм. Би гадаа гарч агаарт явж байгаад Цэрэнтэй тааралдахгүй юу? Тэгээд нутгийн хүнд нэг сайн хаа болоод бүхэл мах чанаж өгье гэж санаад амралтын тогоочид захилаа. Маргааш нь нөгөөдүүл тань орж ирээд л "тогоо дүүрэн мах байсан хаачив л” боллоо. Харин ээ гэлцсэнээ өчигдөр шөнийн онгоцны дуу гарснаас өөрөөр хаалга үүдээр хүний хөлийн чимээ гараагүй дээ, хачин юм аа" гэлцээд би инээдээ нууж цөхөөд л суув аа. Тэдэнд Цэрэн аваргад ганц шил юмтай боогоод манаачаар өгүүлснээ нуугаад хэлээгүй юм. Онгоц буугаад нисэхэд та нар унтаад сэрээгүй шүү дээ л гээд л өнгөрөөж байлаа гэж ярих. Үүнийг нь сонсоод нутгийн уулс, нутгийн хүн гэдэг сэтгэлийн дотор тэргүүн байранд шүү гээд л хөөрөлдөж суув даа. Өглөө нь индэрт дарга нарыг гарахаас өмнө сугадалцан хоёулаа цэцэрлэг дундуур явж Лхагвадорж баатарын хөшөөг бүтэн тойрлоо.
Тэгээд нар огшоод ирэхийн алдад модны сүүдэрт сууцгаав. Хайрхан минь сайн энерги гэдэг сайхан хүмүүс өөрсдөө л тээж явдаг арц хүж мэт, хүнээс хүнд дамжуулж болдог их элгэн сэтгэл ажээ. Өглөө эрт гадаа гараад юу санасан гэж бодно оо гэснээ миний үгийг сонсох гээд анзаарч харан:
-Та юу бодоо бэ гэтэл:
-Би нөгөө зохиолынхоо нэрийг олсон “Ганжуур, Данжуурыг хэрхэн хамгаалан эх нутагтаа залж яваа тухай бичнэ ээ. Бичгийн түшмэл хүний сэтгэл гэдэг тань ил гаргаж харж чаддаг сан бол монголын түүх, төрийн нэр хүнд, монгол хүн болсон золын дээдийг шингээсэн хууль цааз, нууц товчоо юм байна" гэж яриад л аймгийн баярын жагсаалд оролцов оо. Жагсаал өндөрлөх хэрд буудалдаа орж хувцас хунараа солиод үдээр жаахан амарцгаав. Үдшийн гэгээнээр зоогийн газраас буцаж явахдаа "Өмнөговийнхоо ойд би нийтлэл бичиж явуулна аа. Ханхонгорт Баянгийн тал гэж бий. Тэнд би ижийтэйгээ амьдарч байсан, айлын хонинд явдаг байсан” гээд говийнхны тухай ярьж очиж үзээрэй гэж байж билээ.
Ингэж Булган аймаг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойгоор Удвал багш, Гаадамба багш нартайгаа хамтдаа наадамлав аа. Ш.Гаадамба багш маань ихэмсэг, дөлгөөн, хатуу чанга мэт, хэлэх үгээ хэнээс ч үл нуудаг хүн байлаа. Аймгийн соёлын ордонд бүгдээрээ баярын хурал, концерт үзэж дараа нь зургаа авахуулж жаргалтай л явж дээ. Бавуугийн Лхагвасүрэн бид гурвын зургийг үзчихээд "У дарга, Га багш тохой нийлүүлээд зогсоод зургаа татуулахыг бас үздэг байжээ" гээд хошигнож байлаа.
Нутаг гэдэг сэтгэлийн нь хойморт морилж байдаг орон зай. Нутгийнхан гэдэг бие бие рүүгээ тэмүүлсэн нэгэн сэтгэл. Удвал багшийнхаа чагнаж, айраг сөгнөж, сөнгөө сэлбэж, дуугаа дуулалдан байхыг харах золтой л явж дээ. Та минь наран дор биднийхээ сэтгэлд амьдарсаар л яваа шүү. Ум сайн амгалан болох болтугай.
Эх сурвалж: www.zms.mn