С.УЯНГА
Монгол Улсад оюуны өмчтэй холбоотой харилцааг Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалт багагүй байсан нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлж байсныг цөөнгүй жил хөндөж ирсэн. Тэгвэл энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиар оюуны өмчийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгаж, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгож эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.
Хуулиар зохиогчийн эрх болон аж үйлдвэрийн өмчийн эрхийг хамгаалах юм. Үүний тулд Ерөнхий сайдын дэргэд Оюуны өмчийн үндэсний зөвлөл ажиллах бөгөөд дэд дарга нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байхаар тусгажээ. Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна. Орон нутагт хэлтэс, тасаг байгуулж эсвэл оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулж болно. Мөн оюуны өмчийн байгууллага үйл ажиллагааны орлогоор санхүүжиж болох бөгөөд бусад үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн Оюуны өмчийн тухай хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.
-Оюуны өмчийн байгууллагын дэргэд аж үйлдвэрийн өмчийн эрхийг хамгаалах “Маргаан шийдвэрлэх зөвлөл” ажиллана.
-Оюуны өмчийн байгууллагад зөвлөх, тарифыг хянах чиг үүрэг бүхий Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл ажиллана.
-Оюуны өмчийн байгууллагын орон нутаг дахь хэлтэс, тасаг, оюуны өмчийн улсын байцаагчид нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дэмжлэг үзүүлнэ.
-Монгол Улс оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сантай байна.
-Аж үйлдвэрийн өмчийн эрхэд шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт хамаарна.
-Оюуны өмчийн эрхийг лиценз, франчайз, мерчандайзийн болон бусад гэрээ, хэлцлээр бүрэн болон хэсэгчлэн ашиглуулах, өмчлөх эрх шилжүүлэх, оюуны өмчөөр хуулийн этгээдэд хөрөнгө оруулах, барьцаалах бусад хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулж болно.
-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа оюуны өмчийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоож болно.
-Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хөрөнгийн үнэлгээчин нь оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авснаар оюуны өмчийн үнэлгээг хийнэ.
-Оюуны өмчийн үнэлгээний сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн хөрөнгийн үнэлгээчинд оюуны өмчийн байгууллага гэрчилгээ олгож, жагсаалтад бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлнэ.
-Оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулна.
-Маргаан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
-Оюуны өмчийн зуучлалыг оюуны өмчийн байгууллагад бүртгэгдсэн хуулийн этгээд эрхэлнэ. Шаардлага, журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
-Оюуны өмчийн шинжээч нь байгалийн болон техникийн ухааны дээд боловсролтой, оюуны өмчийн салбарт хоёроос доошгүй жил ажилласан, оюуны өмчийн байгууллагын ажилтан байна.
-Оюуны өмчийн байгууллагын дарга оюуны өмчийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй.
-Хөрөнгийн үнэлгээний хууль, олон улсын стандарт, оюуны өмч, биет бус хөрөнгийн үнэлгээний стандарт, аргачлалаар Оюуны өмчийг үнэлнэ.
Дашрамд дурдахад COVID-19 цар тахлын нөхцөлд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын нийт ажилтны 31 хувь нь зайнаас, 69 хувь нь хосолмол хэлбэрт шилжин албан ёсны уулзалтуудыг “хосолмол” болон “виртуал” хэлбэрээр зохион байгуулж байна. Түүнчлэн энэ оны аравдугаар сарын байдлаар Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу хүлээн авах олон улсын мэдүүлэг төлөвлөгөөний 95 хувь, Мадридын системээр хүлээн авах мэдүүлэг 88 хувь, Гаагийн системээр хүлээн авах мэдүүлэг 78 хувийг хангасан үзүүлэлттэй байгааг олон улсын байгууллагууд онцолж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.24 ПҮРЭВ № 247, 248 (6472, 6473)