Б.ДОЛЖИНЖАВ

 

Дотооддоо халдвар алдаагүй цөөн орны нэг хэмээн өөрсдөөрөө бахархаж байсан Монгол Улсад өчигдөр дотоодын анхны тохиолдол бүртгэгдэж, онц байдал зарлав. Учир нь халдвар авсан иргэн олон хүнтэй газраар хэдэн өдөр явсан тул ойрын хавьтлуудыг нь хурдан илрүүлэхийн тулд ийм шийдвэр гаргаад байна. Манай улсад үүссэн энэ нөхцөл байдлын тухай дэлхийн бусад орны хэвлэлүүд юу бичсэнийг орчуулан хүргэж байна.

 

ОХУ: “Дотоодын халдвартайгаа нүүр тулах цаг иржээ”

 

Монгол Улсын нийслэлд энэ сарын 11-нээс хорио цээрийн дэглэм тогтоож, бүх боловсрол, соёлын байгууллагыг гурван өдрийн турш хаав. Тусгаарлалтад байхдаа шинжилгээ нь сөрөг гарсан ачаа тээврийн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсний дараа ийм шийдвэрийг онцгой комиссоос гаргажээ. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Цагдаа, хууль хүчний байгууллага, эрүүл мэндийн яам шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Арван сарын хугацаанд дотоодод нэг ч халдвар илрээгүй. Гэвч өнөөдөр/2020.11.11/ дотоодын анхны халдвар илэрсэн тул бид нүүр тулан тэмцэх цаг ирлээ. Иргэдээ тайван байхыг уриалж байна. Бид энэ бэрхшээлийг хамтдаа даван туулна” гэж ярилаа.

 

Их Британи: Монголд дотоодын анхны тохиолдол бүртгэгдлээ

 

Монголд анхны дотоодын тохиолдол бүртгэгдлээ гэж өчигдөр мэдээлэв. Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр ОХУ-руу тээвэр хийдэг жолооч 21 хоног тусгаарлагдсаны дараа эхнэр болон өөрөөс нь халдвар илэрчээ. Тиймээс тэдэнтэй хамгийн ойр байсан 24 хүнийг тусгаарласан байна.

 

Франц:Халдвар авсан иргэн 3000 хүнтэй хамт тоглолт үзжээ

 

Гурван долоо хоногийн тусгаарлалтаас гарсан тээврийн жолооч болон эхнэр, ойрын хоёр хүнээс нь халдвар илэрснээр Монгол Улсад өчигдөр дотоодын анхны тохиолдол бүртгэгдэв. Хилээ хааснаас хойш тус улсад 376 хүн халдвар авсан нь бүгд гадаадаас ирсэн иргэд байв. Гэвч ОХУ-аас нийслэл Улаанбаатар хотод ирсэн жолоочоос халдвар илэрсэн тул үндэсний хэмжээнд онц байдал зарлажээ. Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар дээрх иргэн 3000 хүнтэй тоглолт үзсэн байна. Тиймээс сургууль болон бусад аймгийн хөдөлгөөнийг гурван хоногийн турш зогсоов.

 

Турк: Монгол Улсад онц байдал зарлалаа

 

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Монгол Улсын нийслэлд дотоодын анхны тохиолдол лхагва гаригт илэрч, онц байдал зарлажээ. Тухайлбал, Улаанбаатар хотод гурван өдрийн турш хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, үзвэр үйлчилгээг хааж хөл хорио тогтоосныг Монцамэ агентлаг мэдээлэв. ОХУ-ын Алтанбулагийн боомтоор орж ирээд гэртээ тусгаарлагдаж байсан ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс COVID-19 илэрсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус улсад батлагдсан тохиолдол 382 /2020.11.11-ний байдлаар/ болсоны ихэнх нь гадаадаас зөөвөрлөгджээ. Мөн энэ хугацаанд тээврийн хэрэгсэл болон галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоов. Түүнчлэн ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас нэгдүгээр сарын 18-ний хооронд хоёр сарын хугацаагаар хаалаа.

 

Сингапур: Монгол цар тахлын үед хамгийн их сайшаал хүртсэн

 

Гадаадаас ирсэн хүмүүсээс халдвар илэрч байсан Монгол Улсад анхны дотоодын халдвар бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд нь мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “21 хоног тусгаарлагдаж байгаад гарсан ОХУ-аас ирсэн Улаанбаатарт амьдардаг олон улсын тээврийн жолооч болон эхнэр нь халдвар авсан” гэж ярилаа. Тэдний ойрын хүрээний 24 хүнийг тусгаарлав. Мөн сургуулиудиа хааж, гурван өдрийн хөл хориог тогтоолоо. Халдвар авсан хостой хамт тоглолт үзсэн иргэдийг шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн сайд уриалав. Уг нь цар тахлын үед хамгийн их сайшаал хүртсэн улс нь Монгол байв. Учир нь Хятадтай хамгийн ойрхон хиллэдэг учир сургууль болон бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэгдүгээр сарын сүүлээр хориглож, халдвар тархахаас сэргийлж байсан. Тус улсын Дорноговь аймгийн ураны уурхайн компанид ажилладаг Москвагийн нислэгээр ирсэн Франц иргэнээс анхны халдвар илэрч, гуравдугаар сарын 10-наас зургаан өдрийн турш хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хилээ хаасан байсан юм.

 

Эх сурвалж:Regnum.ru, Reuters, CNA, AA.com