Б.НАМУУНТАМИР
ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Цэнхэр алт” сарын аянг улс орон даяар зохион байгуулж байгаа. Энэ аяны хүрээнд хийгдэж буй ажлын талаар “Идэр” голын усны сав газрын захиргааны гадаргын усны нөөц судалгаа шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Гүррагчаатай ярилцлаа.
-“Цэнхэр алт” аяны хүрээнд цэнгэг усны гол эх үүсвэр болсон “Идэр” голын сав газрын захиргаанаас ямар ажил, арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлж байна вэ?
-Монгол орон усны нөөцөөрөө дэлхийд ядмаг усны нөөц багатай орнуудын нэг юм. Бид одоогийнх шигээ усаа хэрэглэсээр байвал 2026 оноос усны хомсдолд орж эхлэх эрдэмтдийн судалгаа ч гарсан байна. Идэрийн гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Хангайн нуруунаас эх авч Завхан аймгийн арваад сумын нутгаар дайран урсаж, Хөвсгөл аймгийн Олон голын бэлчирт Дэлгэр мөрөнтэй нийлж, Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Энэ аяны хүрээнд сав газрууд, бүсээрээ тодорхой хэмжээний ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Идэр голын сав газрын захиргаанаас 10 гаруй ажлыг хийхээр төлөвлөөд, сав газрын захиргааны даргаар батлуулаад тухайн ажлууд хийгдэж байгаа. Энэ аяны зорилго нь усны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, усны хууль бус үйл ажиллагаануудыг илрүүлэх, түүнийг таслан зогсоож, хариуцлага тооцох, усны талаар иргэдийг зөв хандлагатай болгох, усыг хайрлан хамгаалж хэмнэх нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад чиглэсэн аян юм.
Идэр голын сав газарт гурван аймгийн 16 сум хамрагддаг. Эдгээр аймгуудын ЕБС-ийн дунд “Усаа хайрлая” эссэ бичлэгийн уралдаан зарласан. Гол усны бохирдлоос сэргийлэх чиглэлээр зарим байгууллагатай хамтран сав газрын захиргаанаас санаачлан зуслан суурьшлын бүсүүдэд байгаа хог хаягдлыг цэвэрлэх нойлыг байгальд ээлтэй байдлаар хэрхэн шийдэх талаар тодорхой хэмжээний сургалт, мэдээллийг олон нийтэд хүргэж, түүнийг хэрэгжүүлэхээр сав газар дагуух айл болон ААН-үүдэд тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаж байгаа. Цар тахлаас шалтгаалан олон нийтийг хамарсан уулзалт зохион байгуулах боломжгүй байгаа. Гэсэн ч сошиал орчинг ашиглан сум болгон өөрсдийн гэсэн мэдээллийн групптэй учраас усны талаарх мэдээллийг манай мэргэжилтнүүд хариуцан чиглэл чиглэлээр хүргэж байгаа.
-Усны тооллого хийдэг. Усны нөөц ямар байна вэ?
-Идэр голын усны сав газарт харьяалагдах томоохон 30 гаруй том жижиг гол горхи, 180 гаруй булаг бий. Хамгаалагдсан булаг гэвэл 0.2 хувийг эзэлдэг. Бусад нь хамгаалагдаагүй болон, бохирдол ихтэй булгууд байгаа тул жил бүр хашиж хамгаалах ажлыг улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр үе шаттай хийж байна Үүнд 2019 онд Байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр Тосонцэнгэл. Их уул суманд тус бүр нэг булгийг тохижуулж хүлээлгэн өгсөн. Идэр голын сав газрын захиргаа 2014 онд байгуулагдахад усны нөөцийн суурь судалгаа хийгдсэн. Суурь судалгаагаар 1.069.0.сая куб м гадаргын усны жилийн нөөцтэй, гүний усны жилийн баримжаат нөөц нь 129.000.000 куб м нөөцтэй гэсэн судалгаа гарсан.
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын усан цахилгаан станц 2007 онд ашиглалтад орсон байдаг. Иргэдийн хувьд усан цахилгаан станцаас шалтгаалан загас ховордож байна гэсэн гомдлыг хэлж байна?
-Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хавар тухайн усан цахилгаан станцад сар гаруй хугацаанд байнгын ажиглалт хийсэн. Загас дамжуулах хоолойг үнэхээр загас нэвтрүүлж байна уу, үгүй юу гэдгийг ажигласан. Хяналтаар загасыг тодорхой хэмжээгээр нэвтрүүлж байсан. Гэхдээ яг стандартын шаардлага хангасан загас дамжуулах хоолой мөн үү, бүх загас чөлөөтэй нэвтэрч байна уу гэдэг эргэлзээтэй байна. Энэ талаар усан цахилгаан станцын хүмүүстэй загасыг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг хангах талаар ярилцаж байгаа. Энэ асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. Мөн загас цөөрч байгаа олон шалтгааны нэг нь зөвшөөрөлгүй үржлийн үе болон хориотой арга хэрэгсэлээр агнах явдал их байна. Үүнд хариуцлага тооцсон нэг ч тохиолдол сав газрын хэмжээнд байхгүй байгаа нь харамсалтай байгаа.
-Идэр голын ай савын хэмжээнд усны хууль бус үйл ажиллагаа, зөвшөөрөлгүй загас агнуур гээд гарч буй зөрчил дутагдлуудаас нэрлэбэл?
- Манай харьяаны сав газарт том ус ашиглагч харьцангуй цөөн байдаг. Энэ жилээс хоёр гурван махны үйлдвэр ажиллахаар байгаа. Тэдгээр махны үйлдвэрүүдээс тодорхой хэмжээний зөрчлүүд илэрсэн. Түүнийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, цооног өрөмдөх зөвшөөрөл авалгүйгээр цооног өрөмдөж, ус ашигласан зөрчлүүд илэрсэн. Хулгайн анг бүрэн дүүрэн илрүүлээд арга хэмжээ авах боломж нөхцөл нь хязгаарлагдмал байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага суманд ганцхан байцаагчтай. Тэр нь хүрэлцдэггүй. Нөгөө талаас иргэдийн байгаль орчны мэдлэг дутмаг, хууль журмыг мөрддөггүйгээс энэ зөрчил буурахгүй байгаа.
-Идэрийн гол Хөвсгөл аймгийн олон голын бэлчир хавьцаа бохирдол ихтэй гарсан, гол ус бохирдож байгаа гол шалтгаан юу вэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр Идэр гол Тосонцэнгэл, Их-Уул сум хүртэл бохирдолгүй, цэвэр ангилалдаа хамаарагддаг дүгнэлт гарсан. Харин Хөвсгөл аймгийн олон голын бэлчир Жаргал, Галт сумын хавьд Хөнжилийн гол, Харзатын гол бохирдолтой ирж цутгадаг учраас бохирдлын тавдугаар зэрэг буюу маш их бохирдолтой гэж усны тооллогын хүрээнд хийсэн шинжилгээний дүнгээр гарсан. Энэ талаар сумдын удирдлагуудад зөвлөмж хүргүүлсэн. Бохирдлын гол шалтгаан нь голын сав дагуу байгаа айлуудын нойлын асуудал, олон жил зуссан бууц, хог хаягдал бохирдлын гол шалтгаан болдог. Жаргал суманд Хөнжилийн халуун рашаан гээд голынхоо гольдролоос ойрхон гардаг халуун рашаан бий. Тэр рашаанд хүмүүс орохдоо рашааныхаа эхэнд ил задгай орчихдог. Саван шампунь, хувцсаа угаах гээд хүмүүсийн буруутай уйл ажиллагаанаас болж бохирдож байгаа. Тэгээд Идэр голтой нийлчихдэг. Тэгэхээр Харзат, Хөнжилийн халуун рашаан бохирдлын гол шалтгаан нь болж байгаа юм.
- Усны хууль тогтоомжийг 2012 онд баталсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Гэсэн хэдий ч усны хууль тогтоомж яг одоогийн нөхцөл байдалд төдийлэн нийцэхгүй байна гэсэн. Тухайлбал, ямар заалтууд нь?
-Өмнө нь байгаль орчны суурь хуулиудаар тухайн зөрчлүүдийг зохицуулдаг байсан. Зөрчлийн тухай хууль гарсантай холбоотой зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог болсон. Тэгсэн хэрнээ суурь усны хуулиасаа 1/3-ийг нь л Зөрчлийн тухай хуульдаа оруулсан. Энэ нь их учир дутагдалтай. Тухайлбал, албан тушаалтантай холбоотой, голын онцгой бүс дагуу газар олгож болохгүй гэсэн байтал газар олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг Зөрчлийн тухай хуулиар үгүй хийсэн. Мөн зөвшөөрөлгүй худаг, цооног өрөмдөх хууль бус үйл ажиллагаа сүүлийн хэдэн жилд замбараагаа алдсан. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гээд олон суманд маш олон худаг гаргасан байгаа. Үүнийг хэн ч хариуцахгүй, хаягдчихсан, мотор, тоног төхөөрөмж нь тоногдсон байдалтай байна. Энэ нь маш их хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг үрж байна гэсэн үг. Бодлогын хувьд ус ашиглуулах дүгнэлтийг ашиглаж буй усны өөрчлөлтөөс хамаарч дүгнэлт гаргуулах хугацааг нь тодорхой зааж өгөх, мөн усны ашиглах хэмжээгээр нь дүгнэлтийг БОАЖЯ, Сав газар, Монгол-Ус ТӨҮГ-т гаргаж байгааг цөөлөх буюу нэгтгэх. Энэ мэтчилэн бодлогын болон хуулийн зөрчилтэй асуудлуудыг засаж сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа.
-Яг ямар заалт нь зөрчилтэй байна вэ?
Усны суурь хуулиараа зөвшөөрөлгүй цооног өрөмдөхөд хариуцлага тооцдог байсан бол одоо Зөрчлийн тухай хуулиар “Цооног өрөмдөж, ус ашигласан” бол гээд заачихсан. Энэ нь цооног өрөмдчихөөд ус ашиглаагүй бол үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй болчихоод байгаа юм. Нийт усны нөөцийн 1.9 хувийг гүний ус эзэлж байгаа. Тэгсэн хэрнээ ус бол стратегийн баялаг гээд, гадаргын ус хомсдоод, усны нөөц нь багасаад байхад энэ мэтчилэн хуулийн зөрчилтэй асуудлууд маш их байгаа юм. Өнгөрсөн жил Тосонцэнгэл сумын Прокурор, Мэргэжлийн хяналт, Идэр голын сав газрын захиргаа хамтран шалгалт хийхэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан маш олон ААН, худаг цооног байсан. Тэдгээрт хариуцлага тооцъё гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан байгаа юм. Энэ нь хуулийн цоорхойг ашиглан хариуцлагаас зайлсхийн, хууль бусаар ус ашиглаж байгаа явдал юм.
- Мэргэжлийн хяналтын байцаагч голын ай саваар төдийлэн шалгалт хийж, хариуцлага тооцож хүрэлцдэггүй гэлээ. Усны мэргэжилтэнд улсын байцаагчийн эрх байдаггүй хэрэг үү?
-Усны хуульд усны байцаагч байж болно гэсэн заалт байхгүй. Үүнийг хуулинд өөрчлөлт оруулах замаар шийдэх хэрэгтэй. Ер нь усны хуулийн хэрэгжилтийг хангая гэвэл гадаргын ус, гүний ус хариуцсан мэргэжилтнүүд улсын байцаагчийн эрхтэй болгох ингэснээр усны зөрчлүүдэд мэргэжлийн хүмүүс хариуцлага тооцоход илүү дөхөм болно. Манай мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчид усны асуудлаа төдийлөн мэддэггүй. Мэдэхгүй учраас усны хохирлыг хэрхэн тооцохоос авахуулаад асуудал үүсдэг . Ийм учраас усны асуудал хяналтын гадна үлдэж усны бохирдол, дур зоргоороо ашиглалт, зохисгүй хэрэглээ буурахгүй байна.Цаашид усны хууль тогтоомжийн зарим нэг зөрчлийг экологийн цагдаа буюу байцаагч замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн нэгэн адил газар дээр нь хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.2 БААСАН № 191 (6416)