Ч.ЗОТОЛ
Хэл соёл, өв уламжлалаа дээдэлж явдаг нэгэн эрхмийг “Амьдралын тойрог” булангийн зочноор урилаа. Энэ хүн бол Өмнөд Монголын Улаанхад хотын Байран барга хошууны Шавартай суманд төрж өссөн, өдгөө Монгол Улсад ажиллаж амьдарч буй Мэндбаярын Нандин юм. Тэрээр 2009 онд анх Монголд иржээ. Заяаны ханиа эндээс олж гэр бүл болсон, Төв аймгийн хүргэн. Тэд хоёр ой хүрч буй охинтой. Ам бүл гурвуул айл болон амьдарч байгаа ч өрхийн тэргүүн нь энд түр оршин суух визээр амьдардаг. Иймд энэ жил гэр бүлийн виз мэдүүлсэн ч гараагүй, ямар нэгэн хариу өгөөгүй гэнэ.
Нийтлэлийн зочин маань нутгийн аялгуу бага зэрэг мэдрэгдэх ч монгол хэлээ сайтар эзэмшсэн үгийн баялагтай, яриа хөөрөө сайтай нэгэн аж. Ам нээхүйд Монгол хэлний төв халх аялгуу “урсч” байлаа.
Анх сургуульд орохдоо л монгол багшаар хичээл заалгасан. Тэдэнд эхний хэсэгт дан монгол хэлээр, дараагийн шатанд хятад хэл үзэх гэхчлэн шатлалтайгаар хичээл заадаг байж. Түүний хувьд эхэндээ хятад хэлэндээ маруухан, монгол хэлээ гаргуун сурсан гэнэ. Харин хожим хятад хэлээ нарийн судалж суралцсан. Одоо хятад хэлээр шүлэг бичдэг. Түүний бичсэн шүлгүүдийг хятад найзууд нь сайн бүтээл болжээ, утга гүн, философитой ба мэдрэмж сайтай байна. Хятад найрагчдын бүтээлээс дутахааргүй гэж магтдаг гэсэн.
ЭХНЭРИЙНХ НЬ ХАЛАМЖ, ТҮШИГ ТҮҮНД АСАР ИХ ХҮЧ БОЛДОГ
Тэрээр гэргийтэйгээ Монголд ирээд танилцах үед ирээдүйн эхнэр маань ийм зантай, тийм дүр төрхтэй байгаасай гэж бодож явсан бодлын шалгуурт нь яв цав нийлж байж. Энэ тухайгаа “Босоо монгол бичигт хайр гэдэг үг хай-ир гэж бичигддэг. Тэгэхээр босоо монгол бичиг тэр чигээрээ философи. “Хай-ир” гэж хоёр төрлөөр тайлж болно. Нэг нь хайж, нөгөө нь ирэх утга бөгөөд нийлэхийн тухай юм. Нэг насны хань жаргалаас илүү зовлон туулахад бэлэн байдаг. Намайг зовоход хань минь яаж тайтгаруулдаг вэ, түүнийг гуниглахад би шаналалыг нь яг л тэгж гадагш гаргах ёстой. Амьдралын утга ийм. Миний хань намайг ээжийгээ алдаж хүнд хэцүү байхад дөнгөж үерхэж байсан атлаа яг хань шиг бүхнийг зохицуулж байсан. Тэрийг хараад хүний хань ийм л байдаг юм байна гэж бодож билээ. Хоёр өөр орчинд өссөн, хоёр айлын гэрийн хүмүүжилтэй хүмүүс хоорондоо нийлж амьдрахад төвөгтэй байх. Ялангуяа бид нэг нь Өмнөд Монгол, нөгөө нь Ар Монгол гэж ярьдаг Монгол Улсынх. Хоёр өөр соёл иргэншил явагдаж байна. Бидний хооронд монгол гэсэн ухагдахуун байсан ч хэчнээн жилээр салгуу явж ирсэн, соёл иргэншлээс эхлээд бүх юм нь өөрчлөгдсөн хоёр хүн танилцаж үерхээд нэг гэрт ороход тар түр гэх юм гаралгүй яах вэ. Түүнийг давахад ухаан шаардана. Ямартай ч халхын энэ хавтгайгаас М.Нандин гэдэг хүнийг 100 хувь ойлгож, хүлээж авч, үрийг минь төрүүлж, өргөө гэрийг минь гийгүүлсэн ханьдаа би их баярладаг ” хэмээн дурссан.
Түүний гэргий Б.Энхцэцэг МУБИС-ийн түүх аялал жуулчлалын ангийг төгссөн. Төв аймгийн Баян сумын уугуул, барга бүсгүй. Дээд өвөг болох Эрхэмбаяр гэж хүн Манлай Ван Дамдинсүрэнтэй хамт ирсэн барга ястан, Монголын тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан эх оронч тэмцэгч байж. Харин аав нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бэлтгэл ахлах ахлагч, ээж нь Монголын төмөр замд ажилладаг байна.
М.Нандин өдгөө 38 настай. Бизнесийн салбарт тийм ч амжилттай биш яваа ч, бас муу яваагүй. Энэ хэмжээнд амьдралаа авч явах, хүний тавиланд заяагдсан үүрэг болох өөрийн хүсэл мөрөөдлөө гүйцээж бүтээл туурвил хийхэд саад тотгор тавилгүй арын ажлыг нугалж, эр нөхрөө амар тайван байлгаж байгаа эхнэрийнх нь халамж, түшиг түүнд асар их хүч болдог гэнэ. Гэр амгалан биш бол гэрийн эзэн юу хийж бүтээж чадахсан билээ. Хэн хэнээ ойлгохын дээдээр ойлгож, түшиж тулахын дээдээр түшиж яваа нь л хил хязгаар, саад тотгорыг үл тоон нийлсэн тэдний аз жаргал болов уу.
ТҮҮНИЙ ХОББИ ТӨМРӨӨР ЦУТГУУР ХИЙХ
Нийтлэлийн баатар маань 2007 онд Өмнөд монголын аж үйлдвэрийн их сургуулийн холбоо, мэдээллийн инженерийн ангийг дүүргэсэн. Гэхдээ тэрээр эзэмшсэн мэргэжлээрээ нэг жил ч ажиллаж үзээгүй. Өмнөд Монголд шинээр төгсөгчдөд улс ажил хуваарилдаг тогтсон журамтай. Түүнийг төгсөх жил эдийн засаг хумигдаж, төгсөгчид дор бүрдээ ажил хайжээ. 2007 онд Чайнамобайл ажилчдаа хасч эхэлсэн учраас шинээр төгсөгчид ажил олох боломжгүй.Иймд М.Нандин Монгол Улсад ихээхэн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж ирсэн Журамтын компанид ажиллах болжээ. Монголд “Хөх сүлд” нэрээр, Өмнөд Монголд “Чинлүн нүүрсний бүлэглэл” нэрээр ажилладаг тус компаниас тэрээр ажлын анхны гараагаа эхлүүлсэн байна.
Түүний хобби бол цутгуур хийх. Энэ нь бас эртний ерөөлтэй. Юу гэвэл, түүнийг бага байхад аав нь “Монголчууд бид тэнгэр шүтлэгтэй, бөө мөргөлтэй шүү” гэж хэлсэн байж. Тэр үеэс мөнх хөх тэнгэрээ шүтдэг тэнгэр шүтлэгтэй болсон байна. Харин бөө мөргөл нь Өмнөд Монголд байсангүй. Иймд дотор нь хадгалаатай явах болж. Ингээд Монгол Улсад ирэхдээ тэрхүү бөө мөргөлийг судлах, танилцах, учрыг нь олох зорилго тавьжээ. Гэтэл зарим хүн бөө жадална, ташуурдана гэхчлэн чөтгөр шулам шиг зүйл ярьж айлгадгийг тэрээр мэдэж авчээ. Улаач нартай уулзаж явахад нь тийм зүйл тохиолдсонгүй, эндээс өөр болохыг нь таньжээ. Бас оюуны их хүч хүнийг зөв замд уриалан дууддаг гэсэн бодол төрсөн байна. Тэр нь мөн чанараас шинж чанар руу, шинж чанараас амин чанар руу шилжих хөдөлгөөн болж түүнд мэдрэгдэхдээ бодолд нь малгай, бүс, хүзүүний чимэг хийх цутгуурын үйлдвэртэй болох санаа төржээ. Өмнө нь тэрээр 2009-2016 он хүртэл хоёр ч уул уурхайн компанид ажилласан бол өөрөө компани байгуулж байж. Бөө мөргөлийг судалж, сайтар танилцсаны дараа эцэг өвгөдийн ариун шүтээн, байгаль дэлхийгээ хайрлах хамгаалах үзлээр уул уурхайн компаниас гарчээ. Ингээд хувийн компани байгуулан зэс, гуулиар эрчүүдийн малгайн тэмдэг, бүсний агсарга, хүзүүний зүүлтийг цутгуураар хэвлэн үйлдвэрлэх болсон байна. Энэ нь бас монгол монголоороо байх, өөрийнхөө өв уламжлалыг авч явахад нөлөөлж буй юм.
Уугуул тэнгэр шүтлэгээ хайж олж авахдаа тэрээр хэц хэнгэрэг бөө болоогүй. Харин “Сэрсэн хүн чулуу” компаниа байгуулан цутгуураар эртний өв уламжлалыг шингээсэн гоёл чимэглэл үйлдвэрлэх болсон нь нэг ёсондоо сүнсэн биеэ хооллож буй хэлбэр. Миний сүнсэн бие ийм зүйлээс таашаал авч баясч байгаа юм. Бас хобби гэж болно гэсэн.
Хүзүүний зүүлт малгайн чимэг гэхэд л Алунгоо эхийн таван сум,таван тив бүхий дэлхий, Хиад Боржигины сүлд цагаан шонхор шувуу гээд өвөрмөц дүрслэлтэй.
Эр хүний хийморь болсон бүсний арал дээр Бөртэ чоно, Хоо маралыг дүрсэлдэг.
Цаашид Монголын өв уламжлалыг шингээсэн олон бүтээгдэхүүн гаргах зорилготой. Буриадын нэрт барималч Дашнамдаг хүрлийн нас 3000 жил гэсэн. Тэгэхээр Сэрсэн хүн чулуу компани гаргаж буй бүтээгдэхүүнээ 3000 жил амьдруулахын төлөө бүтээгдэхүүнээ хийж байгаа.
Тэгэхээр миний зорьж яваа үйлс сонголтгүй сонголт юм гэж тэрээр ярьсан.
Цаашид тэд эмэгтэйчүүдэд зориулсан гоёл чимэглэл үйлдвэрлэх зорилготой. Гэтэл өнгөрсөн таван жил үйлдвэрлэл явуулахад юу эсийг үзэх вэ эдийн засаг саарсан үе ч байлаа. Нөгөөтэйгүүр, эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь гэрийн эзэн, өрхийн тэргүүн, хийморь гэсэн утгыг илэрхийлж буй. Адуугаар бол азарга гүүгээ хураадаг. Эр хүн учраа олохгүй бол өрх гэр учраа олохгүй. Мэдээж бид эхийн хэвлийгээс бүтэж мэндэлдэг ч бүхний өмнө тулаад босох шандас, ноён нуруу нь эр хүнд байгаа учраас агсарга бүсээр эхлэн домын үйлийг хийж байгаа юм. Эрчүүд ч шонхороо зүүгээд бахархал төрнө. дотроо юм бодно. Би өглөө зүүлтээ зүүж бүсээ бүслээд малгайгаа тавиад гэрээс гарахдаа “Би чинь мөнх хөх тэнгэрээс заяатай монгол эр хүн, Чингис хааны үр хойчис, бүтээсэн түүх, нэр төр, алдар гавъяаг нь энэ хорвоо дээр алдаршуулж явахгүй юм гэхэд гутааж доош унагаж болохгүй шүү” гэж бодож сэтгэл аяндаа бахархалаар дүүрдэг. Энэ бол мөн чанараас шинж чанар бүрэлдэж буй хэрэг юм. Энэ жил бид Монголд жижигхэн дэлгүүр нээхийг зорьж байгаа. Гэхдээ бидний зах зээл Өмнөд Монгол руу байсан. Өнөөдрийн байдлаар хил хаалттай учраас бүх үйл ажиллагаа зогссон хэмээн М.Нандин ярьж байна.
Тэр өөрийгөө 30 гаруй насандаа таньсан, би хэн бэ, юу хийх учиртай вэ, цаашид яаж явах вэ гэдгээ мэдэрсэн, сэрсэн хэмээн тодорхойлсон.
Гэхдээ Монголд ирж тэнгэр шүтлэгээ хайсан нь зам мөрийг нь тодотгосон гэнэ. Өмнөд монголчуудын дунд “Ухаантай хүнийг ухайгаад харвал мэддэг. Ухаангүй хүнийг махнаас нь огтлоод авсан ч мэдэхгүй” гэх хэлц үг бий. Тиймээс тэрээр унших судлахыг эрхэм болгодог. Гэгээрэхүйн тухайд, шашны тухайд олныг харьцуулж судалсан гэнэ.
Энэ үндсэнд монгол хүн аливаад туйлширдаггүй. Харин алтан дунджийг олж чаддаг, аливаа зүйлийн наана цааныг ойлгодог ард түмэн. Онгод сахиус буулгаж хэц хэнгэрэг цохихгүй өөр хэлбэрийг хайсан өөрийн замыг тэрээр ингэж тайлбарласан.
МОНГОЛ АХАН ДҮҮС МИНЬ БОСОО БИЧГЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ
Тэрээр Монголд амьдрахад зарим нь намайг та яг л бидэн шиг, монгол хүнээс өөрцгүй байна. Ах дүү садан шиг ойрхон санагдаж байна гэдэг. Бас чи муу Хятад, эрлийз биз дээ гэж дайрч доромжлох нь ч бий хэмээв. Гомддог уу гэж асуухад, “Яалаа гэж гомдох билээ. Харин ч энэ сэтгэл байгаад нь баярладаг. Ийм байхад Монгол хэзээ ч мөхөхгүй” гэсэн юм. Харин сүүлийн үед Өмнөд Монголд монгол хэл бичгийг хаах гэж байгаад тэрээр тайван сууж чадахгүй байна. Тэр Монголд байгаа ч утас интернэт, сошиал ертөнц гээд холбоо барих бүхий л эх сурвалжаар нутаг найз нөхөд Өмнөд Монголын ах дүүстэйгээ холбоотой байж дэлхийн мэдээллийг авч байгаа. Тиймээс хүүхдүүдийн уйлаад ярьж байгааг, Тэмцэгч охин Сурмаар асраас үсэрсэн болон нэг багш амиа хорлосон мэдээг сонсоод хэдэн өдөр сэтгэл хямарч уйлснаа хоолой зангируулан ярьсан. Мөн зовлон үзсэн хүн бэрхшээлийн өмнө сөгддөггүй. Тэд хүний ганц хүүхэд, учир мэдэхгүй, танхи өссөн учир хэцүү байна. Бас ажил хийж буй хүнд дарамт учрахад аргаа бараад амиа хорлож байна. Би яг тэдний адил сэтгэл шаналж зовж байна. Монголд хэвлэлийнхэн ирж ярилцлага авч байгаад талархаж байна. Ярилцлага сурвалжлага өгнө гэдэг бас нэг хэлбэрийн тэмцэл юм даа. Уг нь Си Жинпинь дарга өөрөө хэлэхдээ аливаа нэг үндэстэн өөрийгөө бусдаас илүү гэж омгорхож бардмаар бусдын соёлын нөлөөллийг багасгах, устгах байдал бол тэнэг мунхаг үйлдэл гэсэн. Ингэж хэлсэн бичлэг нь ч бий. Гэтэл өнөөдөр соёл боловсролын яамных нь гаргасан шийдвэр байна уу эсвэл аль нэг эзэн байгаа. Аль ч сургуульд тэр эзэн холбогдогч тодорхой бичиг үзүүлээгүй. Ард түмэн тэр бичгийг нэхэж байгаа. Нэг ч бичиггүйгээр гэнэт Өмнөд Монголыг хэл бичгийг хаах гэж байгааг их гайхаж байгаа. Өмнөд Монгол байгуулагдсан 70 жилийн түүхэнд боловсролын систем одоогийн байгаагаар явж ирсэн. Нэг ч өөрчлөгдөөгүй. Энэ л системээр сурсан. Өмнөд Монголоос дэлхийд нэртэй олон эрдэмтэн төрж гарсан. Америк баруунд нэр хүндтэй Мянганцогт, Өмнөд Монголын дарга байсан Шуурган, Японд хуруу шилэнд хурга бойжуулж гаргасан гайхамшигт эрдэмтэн байна. Яриад байвал тоолж баршгүй олон эрдэмтэн бий. Тэд 70 жилийн турш монгол хэл, босоо бичгээр сурч дэлхийтэй мөр зэрэгцээд өнөөдөр бас шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулаад явж байна. Тэгэхээр хуучин хэв маяг, монгол хэл бичиг буруугүй. Сайн байсан, байгаа учраас өнөөдөр ийм түвшинд хүрч ирсэн. Ард түмэн нь хүлээн зөвшөөрсөн энэ системийг өөрчлөх шаардлага байхгүй. Ус уухгүй байгаа морины толгойг дарж байж уулгадаггүй. Гуруйлж аргадаж уулгадаг. Түүн шиг учрыг ярихгүй бодлого тулгаж хэрхэвч болохгүй. Цаанаа мэдээж нэг их гүрэн төрийн хэл, бичиг нэг байх гээд асуудал байгаа л байх. Ийм байж болох ч би хуучин хэв маягаар монгол бичгээр сурсан ч өнөөдөр Хятад хэлээр шүлэг бичдэг. Шүлэг бичих хэмжээнд гэхээр тун муугүй байгаа биз. Хятад хүмүүс зарим найз чи их философитой бичиж гэж гайхаж шагширдаг. Тэгэхээр хуучнаар сурснаар надад л лав дутсан юм байхгүй. Хятад хэлээр өмнөд монголчуудад англи хэл заалаа гэхэд хоёр гурван хэл хооронд хөрвүүлж ойлгох гэж хятад хүүхдээс хоёр дахин хичээх тул маш хэцүү. Бусад түүх уран зохиол зэрэг хичээл бүр хэцүү. Хүүхдэд маш их дарамт ирнэ. Хичээлээс хоцрогдоно. Шалгалтад тээр дороос очиж өрсөлдөх болно. Тиймээс л эцэг эхчүүд монгол хэл бичгээрээ сургая гээд байгаа юм. Бид XXI зуунтай хөл нийлүүлж явмаар байна шүү дээ. Эх хэлээрээ тэр мэдлэг боловсролыг авч чадна. Өөрчлөх хэрэггүй.
Эцэст нь хэлэхэд чин зүрхний ганцхан хүсэлт босоо монгол бичигт монгол хүн бидний философи бий шүү. Монгол төр, Монгол Улсын ахан дүүс та нар минь босоо монгол бичгээ эрт нэгэн өдөр заавал сэргээж эргүүлэн аваарай. Эзэн Чингис хаанаас улбаалсан агуу их босоо сүнсээ сэргээж яв. Энэ босоо бичиг дотор Чингис хаан оршиж байгаа. Тиймээс босоо бичгээ хэнээс ч илүү хайрлаж яваарай. Засаг төр нь ч ард иргэд нь ч адил хайрлаж яваарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.14 ДАВАА № 177 (6402)