Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 553 хүнд шинжилгээ хийхэд Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 301 боллоо. Харин өнөөдөр  хоёр хүн эдгэрч сувилал руу шилжсэнээр нийт 291 хүн эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байна. Манай улсад өчигдөр 109 хүн тусгаарлалтад орсон. Франкфуртын онгоцоор өнөө өглөө /2020.08.27/ 261 хүн эх орондоо ирлээ.

 Дэлхийд  23.9 сая хүн халдвар авч, 823 мянган хүн нас барж, 16 сая хүн эдгэрсэн байна.  Сүүлийн 24 цагт 210 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. Энэ талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д сүүлийн 24 цагт 4676 хүн шинээр халдвар авч, 115 хүн эндлээ. БНХАУ-д 32 хүн халдвар авсан. Японд 903 хүн халдвар авч, 13 хүн нас барлаа. Сөүл хотын Гымчон дүүрэгт амьдардаг найман монгол хүн коронавирусын халдвар авсан. Биеийн байдал гайгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. БНСУ-д 441 хүн шинээр халдвар авсан. Сөүлийн бүх сургууль, цэцэрлэгийг хааж, өнөөдрөөс сургалтыг цахимаар явуулахаар боллоо. Хүн амын дунд халдвар дэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул амны хаалт заавал зүүх шаардлага тавьж байна.” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn