Ч.ЗОТОЛ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, хуульч, өмгөөлөгч Л.Мөнхсайхан, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гүнжинлхам нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
“Та бидний эвсэл” цаашид долоо хоног бүр УИХ-аар хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулж мэдээлэл хийж байхаар тогтжээ. Энэ удаа Үндсэн хуулийн 6.2 дахь заалт Монголын ард түмний язгуур эрх ашгийг хөндөж буй асуудлаар нийгэм тэр чигээрээ давалгаалж байгаатай холбогдуулж эхний мэдээллээ хүргэж буйгаа онцоллоо. Тэдний байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 заалтаар ажлын хэсэг байгуулахыг шаардлаа
-Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын тухайд иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлж байхад УИХ дүлий дүмбэ оргиж чимээгүй байна. Хоёрхон сарын өмнө санал гуйж явсан УИХ-ын гишүүд иргэд, сонгогчдынхоо төлөө ажиллахгүй байна. УИХ-ын гишүүний тангараг дотор ард түмнийхээ хүсэл зорилго, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаална гэж бий. Гишүүд энэ үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл одоо Орон нутгийн сонгуулиа л бодоод байна. Төсөв тодотгохоо яриад байна. Юун орон нутгийн сонгууль, юун төсөв. Үүнээс чухал асуудал бол газар нутгийн тусгаар тогтнол юм. Энэ бол таван тусгаар тогтнолын хамгийн гол суурь болсон газар нутгийн тусгаар тогтнол аюулд орчихлоо гэдэг асуудлаар ҮАБЗ-ийн гурван гишүүнд бид долдугаар сарын 2-нд албан бичгээр шаардлага хүргүүлсэн.
Үндсэн хуулийн 6.2 дахь заалт дээр тайлбар өгөөч. Алдаагаа засаач. Энэ асуудлаар иргэний нийгмийн байгууллага, сонгогчдынхоо төлөөллийг хүлээж авч уулзаач. Эрх баригчид энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваач гэж эрх барьж байгаа намууд, Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид хандсан. Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс захидал ирсэн. Түүндээ “Таны шаардлагыг хүлээж авлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар энэ асуудлыг найман жил хэлэлцэх ёсгүй. Дагалдах хуулиудаар өөрчлөлт оруулахаар бид ярьж байгаа” гэсэн хариу ирүүлсэн. Энэ хангалтгүй гэж бид үзэж байна. Ядаж Засгийн газраас хариу ирж байгаа нь их юм. УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс таг чиг байна.Энд хариуцлага ярих ёстой. Хэрэв Үндсэн хуулиар дээрэм хийсэн бол УИХ тарж, Засгийн газар ч огцрох асуудал яригдана. Иймд иргэний нийгмийнхэн, эрдэмтэн, судлаачдыг оролцуулж УИХ дээр маш яаралтай Ажлын хэсэг байгуулж, алдаагаа нэн даруй засч залруулах ёстой. Энэ тухайгаа ард түмэндээ нээлттэй мэдээлж хариу өгөх ёстой. УИХ-ын ээлжит бус чуулганаар улс оронд тулгамдсан хамгийн ноцтой асуудлуудыг хэлэлцэх ёстой гэдэг асуудлыг УИХ-д өргөн барьж байна.
Өмгөөлөгч Л.Мөнхсайхан: Төрийн нийтийн өмч гэх ойлголт ямар ч эрхзүйд байдаггүй
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт процессын хувьд хууль тогтоомжийн тухай хуулийн маш олон заалтыг зөрчсөн.Агуулгын хувьд Үндсэн хуулийн 6.2, 6.4 гээд олон заалт алдаатай. Үүгээр хуулиар яаж хулгай хийж болдгийг харуулсан.
Газрын хэвлий, түүний доорх баялаг төрийн нийтийн өмч гэж хуульчилсан. Төрийн нийтийн өмч гэх ойлголт ямар ч эрхзүйд байдаггүй. Төр гэдэг өөрөө эрх мэдлийг хуваан хэрэгжүүлэх тогтолцоо. Төрийн өмч төсвийн хөрөнгө гэж байна. Нмийтийн өмч, дундын өмч гэж байна. Гэтэл төрийн нийтийн өмч гэж ойлгомжгүй заалтыг Үндсэн хууль зөрчиж хууль бусаар хийсэн. Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар хандсан боловч огт авч хэлэлцээгүй. Үндсэн хуулийн 6.2, 6.1 гэсэн заалтуудаас хуулиар яаж хулгай хийж, ард түмний эрх ашгийг холдуулдаг юм бэ гэдэг нь харагдана. 6.1 дэх заалтад “байгалийн баялаг, газрын дээрх доорх баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна” гэчихээд энэ бол төрийн нийтийн өмч гэж заасан. Төрийн нийтийн өмч гээч зүйл дэлхийд байхгүй. Дээр нь Монгол Улсын газрыг төрийн байгууллага, гадаадын иргэн, харъяалалгүй иргэн, аж ахуй нэгжид ашиглуулж болно гэж байгаа. Үүнийг бүрнээр нь эсэргүүцэх ёстой. Өнөөдөр Монгол Улсад нэг аюултай зүйл нь бид хүн амаа, мал сүргээ тоолдог ч газар нутгаа тоолоогүй маш олон жил болж байгаа. Монгол Улсын газрыг гадаадын иргэн, харъяалалгүй иргэн, аж ахуй нэгж эзэмших, ашиглах нэрээр төрийн эрх бүхий хүмүүсийн гарын үсгээр хэчнээн жилээр бусдын мэдэлд орсон нь тодорхойгүй. Энэ маш аюултай. Тиймээс иргэд, ард түмний дэмжлэг, эрхэм гишүүний санаачилгаар МАХН сүүлийн дөрвөн жилийн санал асуулгын хүрээнд Монголынхоо газар нутгийг тоолж үзье гэдэг асуудлыг дэвшүүлсэн. Хэд нь бидний мэдэлд байна вэ. Хэд нь үл хөдлөх хөрөнгө нэрээр гадны иргэдийн эзэмшилд очиж вэ. Нийслэлийн гэр хороолол тэлээд байхад энэ олон байшингууд яагаад дүүрэн хүнтэй байгаад байна вэ. Үүнийг хэн эзэмшээд байна вэ. Хятад хороолол уу, Солонгос хороолол уу. Монголын Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор газар тариалангийн газрыг булааж аваад, тэрийг нь хэдэн гадаадын компани, гадны хөрөнгө оруулалтай аж ахуй нэгж эзэмшээд байна вэ. Уул уурхайн 399 лицензийн хэдийг нь гадаадын хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг юм бэ. Хэзээ бид хөл гишгэх газаргүй болсон гэдгээ мэдэх вэ. Нөхцөл байдал ийм ноцтой байгаа тул ооллого хийе гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Иймээс Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг яаралтай шийдэх ёстой. Бусад бүх асуудлыг хойш тавьж газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг эхэлж тоолох ёстой гэсэн шаардлагыг бид тавьж байна. Хэвлэл, мэдээллийнхнийг хамтдаа хүчээ нэгтгэн тэмцэхийг уриалъя.
Эдийн засагч Т.Баярхүү: Эх орноосоо урвасан түүхэн гэмт хэргийн эсрэг хамтдаа тэмцье
-Бид яагаад Үндсэн хуулийн 6.2 заалтыг онцлоод байна гэвэл өнөөдрийн Х.Баттулга, У.Хүрэлсүх үүнийг бүтээгээгүй. 1990 онд Ц.Элбэгдорж нарын нөхөд бүтээгээгүй. Тэр байтугай Эзэн Чингис хаан маань ч энэ баялгийг бүтээгээгүй. Энэ бол цаанаасаа байгаль өөрөө бүтээсэн, бий болгосон баялаг. Тиймээс өнөө цагт амьдарч байгаа, ирээдүйд амьдрах үр хүүхдүүддээ бүгдийнх нь дундын юм уу, хамтын өмч болгон өгөх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Үүнийгээ 2016 оноос хойш Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөлдөө тодорхой зааж, улсаа гурван удаа тойрч хэлэлцүүлээд ард түмнийхээ саналыг авч тусгаж ирсэн юм. Гэтэл
2019 онд МАН-ын УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ гадны захиалгаар маш хортой заалтыг шургуулсан. Энэ бол Үндсэн хуулийн 6.2 буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэсэн заалт юм. “Ард түмний мэдэлд төрийн өмч байна” гэснийг “Төрийн нийтийн өмч” гэж өөрчилсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь “Төрийн нийтийн өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн/ бусад өмчийн хуулийн этгээд эзэмшүүлж, ашиглуулж болно” гэж батлагдсан. Тухайн үед бид үүнийг хэлж, анхааруулж байсан. Ард түмэндээ ч сэрэмжлүүлсэн. “Байгалийн баялаг ард түмний дундын өмч байна” , ард түмэн өмчөө мэднэ, өөрсдөө менежер нь байна гэдгийг хуульчлах ёстой гэж. Тэгэхээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол эх орноосоо урвасан түүхэн гэмт хэрэг гэдгийг бид удаа дараа хэлж анхааруулж байгаа. Ард түмэн өнөөдөр сэрсэн, МАХН иргэдтэйгээ хамтран, бусад нам, улс төрийн хүчнүүдтэй эвсч, С.Ганбаатар гишүүн маань энэ саналыг баримт бичиг болгон өргөн барьж, шийдүүлэхийн төлөө хамтдаа тэмцэнэ, та бүхэн нэгдээрэй гэв.
Мэдэгдлийн дараа С.Ганбаатар гишүүн иргэд, сонгогчдод хандан амны хаалт дээрээ “6.2-ийг өөрчлөөч” гэж бичихийг, сонгосон гишүүдийнхээ утсанд мөн ийм мессэж бичихийг уриаллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.18 МЯГМАР № 158 (6383)