Ч.ЗОТОЛ
2020 оны ээлжит сонгуульд “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж, Орхон аймгийг төлөөлөн УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатар эрдэмтэн, судлаачдын хамт Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр Үндсэн хуулийн 6.2 дахь заалт Монголын ард түмний язгуур эрх ашгийг хөндөж байна. Бид газар нутаггүй болох Үндсэн хуулийн аюул нүүрлэлээ хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн энэ асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлж байхад УИХ дүлий дүмбэ оргиж чимээгүй байна. Хоёрхон сарын өмнө санал гуйж явсан УИХ-ын гишүүд иргэд, сонгогчдынхоо төлөө ажиллахгүй байна. УИХ-ын гишүүний тангараг дотор ард түмнийхээ хүсэл зорилго, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаална гэж бий. Гишүүд энэ үүргээ биелүүлэхгүй байна” гэж шүүмжлэв.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уг хуулийн 6.2 дахь заалтад Монгол Улсын газар, түүний доорх баялаг төрийн нийтийн өмч гэж хуульчилсан. Энэ нь ард түмний язгуур эрх ашгийг хөндсөн тул ҮАБЗ-ийн гурван гишүүнд иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусган албан бичиг илгээсэн ч тэдний төлөөллийг хүлээж авч уулзаагүй. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Таны шаардлагыг хүлээж авлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар энэ асуудлыг найман жил хэлэлцэх ёсгүй” гэсэн хариу ирүүлсэн. Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга чимээгүй байна. Хэрэв Үндсэн хуулиар дээрэм хийсэн бол УИХ тарж, Засгийн газар ч огцрох асуудал яригдах ёстой. Иймд иргэний нийгмийнхэн, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, алдаагаа нэр даруй засч залруулах ёстой гэж С.Ганбаатар гишүүн мэдэгдлээ. Түүнтэй хамт хуульч, өмгөөлөгч Л.Мөнхсайхан, эдийн засгийн ухааны доктор, эх оронч тэмцэгч Т.Баярхүү нар мэдээлэл хийлээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN