Ж.МИШЭЭЛ

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусдын адил сурч боловсрох эрхтэй. Тэдний тусгай хэрэгцээг хангаж, хөгжих нөхцлийг нь бүрдүүлж чадвал нийгмийн амьдралд оролцох чадвартай болж өсдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрхээ эдлэх боломжийг олгохоор эцэг эхчүүд нэгдэж “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” ТББ-ыг 2000 онд байгуулжээ. Энэ байгууллага нь 16 аймаг, дөрвөн дүүрэгт 4300-гаад гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг байна. “Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, хөгжлийн онцлог дээр хурдан хариу арга хэмжээ авах ёстой байдаг. Харин эцэг эхчүүд ялангуяа, залуу гэр бүлүүд үүнийг мэдэхгүй хугацаа алдах тохиолдол байдаг гэж “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны захирал С.Сэлэнгэ ярьж байсан. Тэрээр “Хүүхдийг төрөхөд эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, бидний хэлж заншсанаар хүүхдийн ягаан дэвтэр өгдөг. Энэ дэвтэрт хүүхдийн эрүүл мэнд, өсөлт бойжилт, сэтгэхүйн хөгжлийг тэмдэглэж, анхаарч чадвал хүүхдийнхээ хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлж чадна. Өрхийн эмнэлэг, хороон дээр үүнийг анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг багаас нь хөгжүүлэх хөтөлбөртэй, түүнд зуучилдаг системтэй болчихвол тухайн хүүхэд өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн хөгжөөд явах бүрэн боломжтой” гэсэн юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгамдаж буй асуудлын талаар тус холбооны зөвлөх Ч.Элбэгдорж “Нийгэм биднийг хүлээж авах бэлтгэлгүй, эвэртэй туулай үзсэн мэт айж цэрвэдэг нь хамгийн том бэрхшээл. Хүүхдийг бага насанд нь нийгмийн дунд тэгш оруулбал ялгаварлан гадуурхлыг мэдэлгүй даван туулах боломжтой” гэж байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар төрөөс боловсруулсан олон тогтоол шийдвэр байдаг. Тухайлбал, 2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль” батлагдсан. 2009 онд манай улс НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци”-д нэгдсэн. Мөн 2019 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулах тушаал гарснаар ямар ч сургууль, цэцэрлэгт очиход ялгаварлахгүй хүлээн авдаг болжээ. Үүнээс үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч, хөгжихөд  хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн байна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны захирал С.Сэлэнгэ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүчирхийлэх, үл хайхрах асуудал их яригдаж, тэдний хөгжлийн асуудал орхигддог. Ихэнх байгууллага зөвхөн хүүхэд хамгааллын талаар тендер зарладаг. Харин манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн асуудлыг чухалчилдаг учраас энэ чиглэлээр тендерт орох боломж байдаггүй” гэж байсан. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хамтарсан комисс, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтэс болон тус яамны хөдөлмөрийн харилцааг зохицуулах газартай хамтарч ажилладаг байна. Учир нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” оюуны бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Ногоон гархан” урланг ажиллуулж, гар урлалд сурган, бүтээлийг нь борлуулдаг гэсэн.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, бага насны хүүхдийг хөгжүүлэх 10 төв ажиллуулж, ганцаарчилсан болон бүлгийн хичээл ордог. Хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн асуудалд анхаарах нь сул байдаг. Тиймээс энэ хөгжлийн төвийг долоон аймагт байгуулжээ. Хоёрдугаарт, зөвлөх эцэг эхийн хөтөлбөрийг хотод болон орон нутагт хэрэгжүүлдэг. Зөвлөх эцэг эх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бусад эцэг эхтэй зөвлөж, асуудлаа шийдэхэд нь тусалдаг байна. Гуравдугаарт, “Ногоон гархан” урланд оюуны бэрхшээлтэй долоон хүнийг ажиллуулж, сургалт явуулдаг. Эдгээрээс гадна төрийн бодлого, үйл ажиллагаа руу чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, судалгаа хийдэг байна.

Тус холбоо хамгийн сүүлд “Ковид ба хөгжлийн бэрхшээл” судалгааг хийжээ. Үүгээр хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдний гэр бүлд хэрхэн нөлөөлсөн, теле хичээл тэдэнд хүрч чадсан эсэхийг судалсан байна. Дөрөвдүгээр сарын судалгааны дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 78 хувь нь хөл хорионы үед өөрийн хэрэгцээндээ нийцсэн боловсролын үйлчилгээг авч чадаагүй гэсэн дүн гарчээ. Энэ талаар захирал С.Сэлэнгэ “Хөл хорионы үед эцэг эх л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэддээ багш нь болно. Хөл хорионы үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэрхэн боловсрол олгох, теле хичээлийг дохионы хэлтэй хүргэхээс өөр ямар боломж байгааг боловсролын яам анхаарах хэрэгтэй. Мөн эцэг эхэд дэмжлэг үзүүлэх, тэднийг заах арга барилтай болгоход чиглэсэн хичээл хэрэгтэй байна. Бид судалгааны дүнг боловсруулаад холбогдох газруудад хүргэж, анхаарах ёстой зөвлөмж, зааврыг гаргана” гэж байлаа.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд сурч чадна

 

Сургууль дээр дэмжлэгийн баг, орон нутагт дэмжлэгийн зөвлөл байгуулж, хүүхдүүдийн боловсролын тусгай хэрэгцээг хангах ёстойг гурван яамны сайдын тушаалд заасан. Энэ дэмжлэгийн баг нь хүүхэд сурахад ямар бэрхшээл тулгарч байгааг илрүүлж, тусламж үзүүлэх үүрэгтэй. Гэтэл дэмжлэгийн баг байгуулагдсан сургууль байхгүй, багш, захирал нь ч үүнийг мэддэггүй. Тиймээс эцэг эхчүүд дэмжлэгийн баг байгуулахыг сургуулиас шаардах хэрэгтэй. Тухайлбал, Г.Хаш-Эрдэнэ хүү дэвтэр дээр бичихэд хүндрэлтэй байсан учраас өөрийн хэрэгцээндээ тулгуурлан комьпютер авч, шивж сурсан байна. Гэтэл энэ хүүтэй ижил асуудалтай ч амьжиргааны түвшин доогуур гэр бүлийн хүүхэд компьютер авч чадахгүйгээс хичээлээ хийж чадахгүйд хүрдэг. Дэмжлэгийн баг энэ асуудалд анхааран тухайн хүүхэд сурч хөгжихөд юу хэрэгцээтэй байна, түүгээр тусалснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусдын адил боловсрол эзэмшиж чаддаг ажээ.

21 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Г.Хаш-Эрдэнийн ээж Э.Мягмарсүрэн “Хүүгээ анх сургуульд ороход эхний хоёр жил хүүхэдтэйгээ хамт хичээлд нь сууж, бэлдүүлдэг байсан. Харин III ангиас нь эхлэн зөвхөн үдийн цайны цагаар очиж, бие засуулж, хоол,цайг нь өгдөг болсон. Манай хүүхэд чөлөөтэй уншиж, бодож чаддаг. Харин дэвтэр дээр бичиж сурахад бэрхшээлтэй байсан. Тиймээс компьютер дээр шивж сурсан. Энгийн сургуульд сурснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрийгөө бусдаас ялгаатай гэж бодолгүй, би хичээвэл бусад шиг сурч чадна гээд өөртөө итгэлтэй болдог нь ажиглагдсан. Нэгдүгээр ангиасаа хамт байсан болохоор ялгаварладаггүй. Харин ч чадахаараа тусалдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүх хэрэгцээг гэр бүл нь хангаж чадвал харьяаллын дагуу энгийн сургуульд сурч болно. Манай хүүхдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн хүүхэд энэ сургуульд суралцдаг.

Ангийн багшийн ачаалал их учраас тусгайлан анхаарах боломж байдаггүй юм билээ. Мөн сургуулиас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд юу сурч байна, ямар түвшинд байна гэдгийг анхаардаггүй, тусгай хөтөлбөр ч байдаггүй. Сургууль бүрт дэмжлэгийн баг ажиллаж хэрэгцээг нь хангах ёстой гэсэн тушаал бий. Гэхдээ энэ нь бодит байдал дээр хэрэгждэггүй. Тиймээс хүүхдийг сургах бүх зүйлийг эцэг эх нь хангаж, зохицуулж байна. Зөвхөн сургууль бус Боловсролын яамнаас энгийн сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарч, шалгалт авах үед энэ хүүхдүүдэд хугацааг нь сунгаж өгөх, багш нь тэдэнд цаг гаргахад анхаарах хэрэгтэй байна. Манай хүүхэд сурах идэвхтэй учраас теле хичээлээ алгасалгүй үзсэн. Гэр бүлийн зүгээс ном уншуулах, хичээл давтахад нь тусалсан” гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.30  МЯГМАР № 126 (6351)