Б.НАМУУНТАМИР
Шүрэн гал. Шарын гол гэдэг нэрний гарвал энэ үгтэй холбоотой тухай нутгийнхан домог хүүрнэх нь бий. Домогт эрт цагт Шарын голын хөндийд амьдарч байсан хүмүүс газрын хэвлийгээс ил гарсан нүүрс шатахыг хараад шүрэн гал гэж нэрийдэж, улмаар шүрэн гал гэдэг үг цагийн уртад хувирч Шарын гол гэх болсон тухай өгүүлдэг. Уурхай түшсэн энэ сум нийт албан ёсны бүртгэлтэй найман мянга гаруй хүн амтай ч бичил уурхайчид нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор бүртгэлгүй хүн амтайгаа нийлээд даруй 3000-аар нэмэгдсэн байна.
Салхи зөөлөн сэвэлзэх төдийд шороо бужигнаж, улаан тоос тэнгэрт хадна
Хаврын сүүл, зуны эхэн сар уг нь нялх ногоо хэнзэлж, хүн малын зоо тэнийдэг үе. Гэвч ногоо хэнзлэх хөрс байтугай хатаж, шарласан шар өвснөөс өөр ургамалгүй, улаан тоос. Үнэндээ л, овоолсон шороон дунд уул уурхайн хүнд нөхцөл байдалд ёстой л нөгөө “баялгийн хараал” туссан гэмээр газар угтаж авлаа. Салхи зөөлөн сэвэлзэх төдийд шороо бужигнаж, улаан тоос тэнгэрт хадна. Хориодхон жилийн өмнө энэ нутаг уул, ус нь тэгширч, байгалийн сайхан цогцолсон газар байж. Харамсалтай нь, уул уурхай ашиглах лиценз олгож, алт олборлосноос хойш голын ус нь ширгэж, ургамал мод нь хатах болжээ. Уул уурхай олборлолт хэрээс хэтэрч, хүн, мал харангадах аюул нүүрлэсэн төрх биднийг угтсан юм. Учир нь уул, уурхайн компаниуд энэ нутгийн хүн, малын ундны усны гол хэрэгцээг хангадаг томоохон голуудын эхэнд бууж, алт олборлож эхлээд багагүй хугацааг үдэж. Усны ундарга дээр алт олборлосноор гол ширгэж, голын доод хэсгээр амьдардаг малчид сүүлийн жилүүдэд ундны усгүй болсон гэнэ. Зарим жил улаан хүрэн өнгийн уухад хэцүүхэн ус урсдаг аж.
Шарын голын төвд нь шахуу албан ёсны гурван ААН, уул уурхайн ашиглалтын лиценз эзэмшиж алт олборлож байгаа аж. Үүн дээр нэмээд иргэдийн бичил уурхайн нөхөрлөл гээд ашиглаж байгаад оригдуулсан орд газруудыг бүлэг нөхөрлөлийн хүрээнд ашигладаг байна. Эдгээр нь хариуцлагатай уул уурхайн хүрээнд нөхөн сэргээлтийг хийж байгаа, хийдэг гэдэг ч нүдэнд харагдаж, гарт баригдахаар нөхөн сэргээлтийг хийгээгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм.
Тэгвэл хариуцлагагүй уул уурхайн хэргийн эзэд хэн бэ. Нөхөн сэргээлт хийдэггүй, хаа сайгүй газар сэндийлээд орхидог уурхайн эзэд, мөн нинжа нар л хариуцлагагүй уул уурхайн хэргийн эзэд. Энд яг ямар ямар компаниуд олборлолт явуулдаг талаар тодруулахад ямар компани зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа, эсэх нь тодорхойгүй байв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “2020 он гэхэд нийт газар нутгийнхаа 25 орчим хувийг тусгай хамгаалалтад авна гэсэн байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгалийг баялгийн ашиглах нэрийдлээр нэлээд сүйтгэсэн. Одоо үргэлжилж байна. Зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй алт ухаж байгаа маш олон хүн байна. Дархан-Уул аймгийн Шарын гол бол нүд халтирмаар болчихсон байна” хэмээж байв.
Харин Шарын гол сумын засаг дарга Д.Амарсанаа “Авсралийн эрдэмтдийн багтай хамтран уул уурхайн нөлөөлөл, тухайн орчинд амьдарч байгаа иргэдэд хэрхэн нөлөөлж байна вэ гэсэн судалгааг хийж үзсэн. Тэгэхэд тоосжилт, дуу чимээ, тунхайн орчинд амьдарч байгаа айл өрх, мал, сүрэгт сөргөөр нөлөөлж байна гэсэн судалгаа гарсан” гэдгийг жилийн өмнө хэлж байсан юм.
“...Алтны уурхай илэрсэнээс хойш байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна...”
Шарын гол сумын иргэн З.Алтанцэцэг “Шарын гол суманд 50 гаруй жил ажиллаж амьдарч байна. Шарын голын уурхайнуудыг эрх мэдэл бүхий хүмүүс ашиглаж байна. Байгалийн баялгийг маань хэдхэн цөөхөн эрх мэдэл бүхий хүмүүс ашиглаж байгаад харамсаж байна. Алтны уурхай илэрсэнээс хойш байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Тоосжилт ихтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, сумын төвөө тойроод 10 гаруй уурхай байна. Хамгийн чухал асуудал нь бэлчээрийн хомсдолд орж, том том гол горхиуд маань ширгэж үгүй болж байна. Эргээд нөхөн сэргээлт огт хийдэггүй. Насаараа уурхайд ажилласан хүмүүсийн амьдрал нь доройтоод эздүүд нь баяждаг” гэв.
Шарын гол сумын иргэн С.Бадамсүрэн “Хөрсгүй болж, тоосжилт ихтэй байгаа нь компаниудын хууль бус үйл ажиллагаатай шууд холбоотой шүү дээ. Үүнд бид хяналт тавих эрхтэй. Гэтэл биднийг тэд огт оруулдаггүй. Үйл ажиллагаагаа танилцуулдаггүй. Сумын төвийн айлууд өвөлдөө түүхий нүүрс түлдэг учраас Улаанбаатараас дутахааргүй утаа ихтэй байдаг. Дээрээс нь олон алтны бичил уурхайтай болохоор нөхөн сэргээлт хийж байна гэж ярьдаг хэдий ч нүдэнд харагдаж, гарт баригдсан зүйлгүй. Эрүүл газар огт байхгүй болсон. Энд тэндгүй л алтны уурхай гээд сэндийчсэн шороон овоолго бий болсон. Гол ус ширгээд, шилбээр татсан өвстэй байсан хөндий байхгүй болсон. Одоо бүр бэлчээргүй болж байна. Малчид бэлчээрийн хомсдолд орж байна” гэв.
Шарын гол сумын иргэн С.Болдбаатар “Шарын голд 20 жил амьдарч байна. Энэ хугацаанд гадна дотны олон компани ажилласан. Нөхөн сэргээлт тааруухан байдаг. Буянтийн хөндий гээд хэдхэн жилийн өмнө их сайхан хөндий байсан. Одоо шороон овоолго болчихсон, мод бут, гол ус нь ширгээд байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Сүүлийн жилүүдэд газрын гарц муудсанаас мал бэлчээргүй болж, тамир тэнхээ нь муудаж, ихээр хорогдох болсон тул малчид малаа цөөлж эхэлсэн” гэсэн юм.
Хориодхон жилийн өмнө ой модтой, голын усанд нь загас, жараахай дураараа шумбаж байсан Шарын голд нарийн урсацтай гол, энхэл донхол газар, овоолсон шороо л үлджээ. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж, юу ч үгүй сэндийлсэн харагдана. Алтнаас үнэтэй газар нутаг, өв сан тэнд бий. Ахиад 20 жил газрыг нь ухахад энэ нутагт юу үлдэх бол гэх бодол голыг минь зурна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.6.16 МЯГМАР № 117 (6342)