Б.ОЮУНЗУЛ 

Бид Залуус буландаа загвар зохион бүтээгч С.Нарангаравийг онцолж байна. Түүний хувьд 10 жилээсээ Хүүхдийн урлан бүтээх төвд явж өөрийн авьяас чадвараа нээн өөртөө хувцас хийж эхэлжээ. 2015 онд Урлах эрдмийн дээд сургуулийг хувцас загвар зохион бүтээгчийн ангид суралцан төгссөн.Одоогийн байдлаар “Naru stylish”  болон “Үргэлж залуу” гэсэн брэндийг байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. “Naru stylish”-д түүний өөрийн сонирхол хувь хүн талаас нь хийгдсэн бүтээлүүд байдаг бол “Үргэлж залуу” брэнд нь бизнес чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тэрээр брэндүүдээ идэвхжүүлэхээс гадна охид бүсгүйчүүддээ оёдол эсгүүрийн сургалт явуулдаг гэлээ.
 Мөн “HTV” телевизтэй хамтран “Хамтдаа урлая” нэвтрүүлгийг охид бүсгүйчүүддээ хүргэж байжээ. Дараа нь “Монгол HD” телевизтэй хамтран хүүхдийн баривч болон бусад зүйлсийг оёх хичээл заасан байна.2018 онд “Өвлийн гоёл” болон “Summer fashion” тэмцээнд өдөр тутмын загвараар оролцсон. Түүний бүтээлүүд нь ихэвчлэн монгол загварын хувцас байдаг ба багаасаа дээл болон үндэсний хэв маягийг хувцас оёх дуртай хүүхэд байжээ. С.Нарангарав найм дугаар ангид байхдаа өөртөө монгол дээл оёсон байна. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд монгол хувцсыг өдөр тутмын загвартай болгон улирал улиралд тохирсон хувцас хийж эхэлжээ. Манай үндэсний хувцсыг дан ганц бид бүхэн өөрсдөө сонирхдог биш гадаад иргэд ч мөн адил сонирхон худалдан авалт хийдэг байна. Тэрээр сүүлийн жилүүдэд европын орнуудад захиалгаар өөрийн хийсэн хувцсаа худалдаалдаг болжээ. 
Азийн орнуудаас гэвэл БНСУ-ын иргэд илүү авдаг аж. Захиалгаар хувцас худалдана гэдэг хэцүү тэр тусмаа европ хүмүүсийн биеийн харьцаанд тааруулж хувцас хийх нь хүндхэн байдаг гэсэн юм. С.Нарангарав “Дээлийг оёход хэцүү гэж ихэнх эмэгтэйчүүд андуурдаг. Гэтэл оёход хамгийн амархан үндэсний хувцас бол дээл. Гол нь эсгүүр болон хэмжээгээ л зөв аваад эхэлчихвэл болно.Бас нэг анхаарах зүйл гэвэл материалын сонголт байдаг. Хэдийгээр сайн материал гэж Солонгос, Японоос бид бүхэн материал авдаг ч гэсэн зарим тохиолдолд үйлдвэрийн алдаатай болон эдэлгээ даадаггүй амархан сэмэрдэг материал ирэх нь элбэг тохиолддог. Тэгэхээр бид материалаа сайн сонгож авч сурах хэрэгтэй.” гэсэн юм. Цаашдаа өөрийн гэсэн том үйлдвэртэй болохыг хүсдэг ба гадаадад ч гэсэн өөрийн нэрийн дэлгүүр нээхийг хүсдэг гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.29  ЛХАГВА № 84 (6309)