Р.ОЮУН
“Зууны мэдээ” сонины сурвалжлагч Дуламын Цэрэннадмид “Хүн судар” хэмээх хоёр дахь номоо өлгийдөн авлаа. Түүний будаг нь ханхалсан шинэ номын мялаалга үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, Ж.Цэвээний нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагналт Ломбын Норовсүрэн гуай бичжээ. Тэрээр “Хүн судар” хэмээх нэртэй энэ ном өмнөхөөсөө ч илүү сайн болжээ. Улс орны аж ахуй, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалахын салбарт ажил үйлс, авьяас чадвараараа манлайлагч эрхмүүдийн гадаад төрх, дотоод сэтгэлийг нэвт зурагласан энэ ном өсч дэгжихийг хичээгч хэн бүхэнд сургамж болох нь дамжиггүй. “Хүн судар”-т шилдгүүдийг ярилцлага, эссэ тэмдэглэл гэсэн хоёр жанарт багтаасан байна. Энэ ч бас санамсаргүй тохиолдол биш ажээ. Ярилцлага хэмээх бичлэгийн зүйл үйл явдал, ажил, амьдралын гэрч болсон, хүний ам дамжаагүй амьд халуун яриа байдаг учраас итгэл төрүүлэх чадвараараа ямар ч бичлэгтэй зүйрлэшгүй байдаг. Харин эх сурвалжаар асуудлын гол гогцоог олж хэлүүлэх сэтгүүлчийн туршлага зайлшгүй хэрэгтэй. Энэ талаар хий нь гарсан сэтгүүлч бол манай Надмид яах аргагүй мөн байна” хэмээн бичсэн байна.
Харин зохиогч номынхоо тухай “Жирийн нэгэн сэтгүүлч би сонин хэвлэлийн салбарт 40 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаанд Цэрэннадмид гэдэг хүний хаалгаар мөн ч олон хүн орж, гарсан байх юм. Ер нь хүний ажил, амьдралд юм юм л болдог шиг байна. “Хүмүүн судар” хэмээх бяцхан номдоо өнөөгийн нийгэмд Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн түүх, намтартай хүмүүсийн тухай зарим хөрөг, ярилцлага, нийтлэлдээ багтаасан гэдгээ хэлье. Энэ бүхнийгээ бусдаас илүү гэж бодохгүй байна. Гэхдээ нэг онцлогийг хэлэхэд уншигчид улс орныхоо болон нийгмийн аль нэг салбарын түүхийг товчхон ч атугай мэдье гэвэл энэ номын маань хуудсыг эргүүлэн үзвэл зорилго чинь биелэгдэхэд дөхөм болно.
Тухайлбал, Монгол Улсад үйлдвэр, газар тариалан, эрүүл мэнд, уул уурхай, геологи, археологи хийгээд урлаг, спортын зарим төрөл хэзээ үүсч, хэрхэн хөгжсөн бэ гэдгийг үнэн баримтад түшиглэн бичсэн. Тиймээс аль нэг салбарын түүхийн ном гэж эрж сурах шаардлагагүй. Үүнд л номын маань ач холбогдол орших болов уу. Нөгөө талаар хүн чанарыг дээдлэх, амьдралын ухаарлыг бага ч гэсэн уншигчдад өгөх байх гэдэгт итгэж байна” хэмээн ярьсан юм.
Ийнхүү сэтгүүл зүйн салбарт хийсэн бүтээл, хэлэх үгтэй нэгэн уран бүтээлч “Хүн судар”-аа уншигч танд хүргэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.23 ПҮРЭВ № 79 (6304)