-Гар бичвэрийг 8,8 сая ам.доллараар арванхоёрдугаар сард дуудлага худалдаанаас худалдаж авсан аж-
Д.ЭНХЭЭ
Оросын бизнесмен, Олон улсын туялзуур сэлэмний холбооны (FIE) тэргүүн Алишер Усманов орчин үеийн Олимпийн тоглолтыг үндэслэгч Пьер де Кубертены зохиож туурвисан тунхаг бичгийн гар бичвэр эхийг Лозанн хот дахь Олимпийн музейд шилжүүлэн хүлээлгэж өгчээ. Энэ тухай ОУОХ-ны хэвлэл мэдээллийн алба мэдээлжээ.
Олимпийн тунхаг бичгийг өмнөх оны арванхоёрдугаар сард 8,8 сая ам. доллараар дуудлага худалдаанаас худалдаж авсан ажээ. Худалдан авагчийн нэрийг зарлаагүй юм байна.
“Өнөөдөр бид түүхэн үйл явдлын гэрч болж байна. Олимпийн хөдөлгөөний гүн ухааны үндсийг өгүүлсэн гар бичвэр болох түүхэн баримт бичгийг бид үзэж харлаа. Түүгээр ч барахгүй өнө эртний энэхүү судар өөрийнхөө байвал зохих олимпийн ордондоо түүхэн жам ёсоор эргэн ирж байгааг бид бас ажиглан харлаа” хэмээн ОУОХ ны ерөнхийлөгч Томас Бах онцлов.
“Энэ бэлэг бол гар бичвэрийг Олимпийн музейд зүгээр нэг шилжүүлж өгөх гэдгээс хавьгүй илүү том утга санааг илэрхийлж байгаа бөгөөд таны өгөөмөр нинжин сэтгэлийн ачаар энэхүү хосгүй сайхан үйл явдал боломжтой болж, энхийн зорилгоор өрсөлдөх тэмцээнд улс орнуудыг нэгтгэх Олимпийн тоглолтын эрхэм зорилгыг бидэнд сануулж байна. Чухамхүү таны өгөөмөр нинжин сэтгэлийн ачаар бид манай түүх намтартай нүүр тулан учран золгож, бидний эцэг болсон үндэслэгчтэй шууд холбогдсоноо мэдэрч чадлаа” хэмээн Бах Усмановт хандаж хэлэв.
Олимпийн хөдөлгөөний ийм чухал үнэ цэнтэй зүйл хувь хүнд байх ёсгүй хэмээн Усманов онцлов. “Энэ гар бичвэр бол орчин үеийн Олимпийн тоглолтын тунхаг бичиг. Зөрчил мөргөлдөөн, дайн дажингүй, спортоор нэгдсэн дэлхий ертөнцийн тухай Пьер де Кубертен мөрөөддөг байсан. Үнэлж баршгүй энэхүү гар бичвэрийн байх ёстой цорын ганц газар бол зөвхөн Олимпийн музей байх болно хэмээн би үзэж байна” хэмээн Усманов өгүүлэв.
ОУОХ2ны ерөнхийлөгч асан Хуан Антонио Самаранчийн санаачилгаар Олимпийн музейг 1993 онд үүсгэн байгуулсан бөгөөд 10 мянга гаруй үзмэртэй ажээ. Энэ бол Олимпийн тоглолтод зориулсан дэлхийн томоохон музей билээ. Тус музейг жил бүр 250 мянга гаруй хүн үзэж сонирхдог.
Өнөө цагийн ховор үзэгдэл
Усмановын үйлдлийг өнөө цагийн ховор үзэгдэл хэмээн Пьер де Кубертены олон улсын хорооны ерөнхийлөгч, Кёльн дахь Германы спортын их сургуулийн профессор Стефан Вассонг нэрлэв. “Олимпийн хөдөлгөөний сэдвээр хэлэлцүүлэг, эргэцүүлэл явуулах газар болсон Олимпийн музейд баримт бичгийг шилжүүлж өгснийхөө төлөө энэхүү асар их үнэ цэнтэй гар бичвэрийг бэлэглэгч академик шан харамж хүртэх ёстой. Иймэрхүү буяны үйл өнөөдөр туйлын ховор үзэгдэл болсон” хэмээн Вассонг хэлэв.
Тунхаг бичгийг Кубертен 1889 онд зохиож бичсэн. “Үндэстнүүдийн хооронд тэмцэл өрсөлдөөн зөвхөн спортод л байх ёстой” хэмээх дүгнэлт бүхий орчин үеийн Олимпийн тоглолтын үндсийг 14 хуудсанд багтаан бичсэн. Тэрээр хүч тамирын төрлийн спортын францын нийгэмлэгүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны таван жилийн ойд зориулсан баяр ёслолын үеэр 1892 оны арваннэгдүгээр сарын 25- ны өдөр хуучин Сорбоннад энэхүү тунхаг бичгээ илтгэн танилцуулсан. Хоёр жилийн дараа мөн тэнд Олимпийн тоглолтыг сэргээх шийдвэр гарсан.
Кубертен Олимпийн тоглолтын тангараг, таних тэмдэг (эмблем) боловсруулснаас гадна “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” хэмээх уриаг бас санал болгосон. Олимпийн тоглолтын үеэр сайн үйл бүтээсний төлөө Олон улсын олимпийн хорооноос олгодог тусгай шагналыг түүний дурсгалд зориулан нэрлэжээ.
Кубертены санаачилгаар 1894 онд Олон улсын олимпийн хороог үндэслэн байгуулсан бөгөөд тус байгууллагын анхны ерөнхийлөгч нь грек иргэн Деметриус Викелас болсон. Кубертен тус байгууллагыг 1896-1916, 1919-1925 онд тэргүүлж байсан. Орчин үеийн Олимпийн анхны тоглолт 1896 онд Афинд болсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.2.14 БААСАН № 32 (6257)