Ч.ҮЛ-ОЛДОХ

Сүхбаатар дүүргийн  МАХН-ын  дарга, эдийн засагч, доктор  Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-МАХН бол байгалийн баялаг ард түмний дундын өмч байх ёстой гэсэн байр суурийг баримталдаг улс төрийн хүчин. Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр  баялгийг төрийн нийтийн өмч болгох  заалтыг баталчихсан. Монголчуудын болоод баялгийн хувь заяа цаашид ямар замаар явах бол?

-Байгалийн баялаг бол онцгой өмч бөгөөд   ард түмний мэдэлд  байх  ёстой төдийгүй  баялгийн үр шимийг  тэгш хүртэх , тэгш  хувиарлах  үүргийг  улс  орнуудын  Засгийн газар  хүлээдэг.

Байгалийн баялаг бол шавхагддаг нөөц.  Газрын гүнд байгаа баялгийг баялаг гэж байна уу. Эсвэл газрын дээр гарсныг баялаг гэж байгаа юм уу гэж асуудаг. Мэдээж  энд  нөөцийг ярьж байгаа.Эхлээд нөөцийг олборлоно, ашиглана, хөрөнгө оруулалт оруулна, эцэст нь гаргаад ирсэн нь баялаг. Манай улс баялгаа ашиглаад эхэлчихсэн. Оюутолгой, Тавантолгой,Салхитын мөнгөний орд гээд байгалийн баялагаас ашиг орлого орж ирсэн. Гэтэл баялгийн үр шимийг  хэдхэн тооны нам дамжсан  олигархи    бүлэглэл, үндэстэн дамнасан томоохон  компаниудын төлөөлөл бүхий хэдэн хүмүүсийн мөнгө  олох  хэрэгсэл болсон нь нуух  аргагүй  үнэн . Байгалийн баялаг  хэний ч оролцоогүй бүтсэн. Иймд  иргэн бүр   үр шимийг нь хүртэх эрхтэй. Бид эрхээ алдсан байна. Учир нь эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг  “нийтийн өмч” болгон шашны эсвэл ТББ өмчтэй ижил түвшинд  нь зориулалтын дагуу бүх нийтээрээ ашиглахад  зориулагдсан өмч  болгосонд харамсалтай байна. Тиймээс иргэд минь маш хянуур болгоомжтой байхгүй бол байгалийн баялаг ашиглах нэрийн дор бид газар нутгаа алдах аюул их ойрхон болсон.   Байгалийн баялгийн нөөц газар нутаг, хүн амтайгаа харьцуулахад харьцангуй их. Тиймээс МАХН-аас санаачлан эрдэмтэн, судлаачдын хамт сүүлийн гурван  жил гаруйн хугацаанд   байгалийн баялаг ард түмний дундын өмч мөн болгоё гэсэн саналыг дэвшүүлж,  Дээд хууль боловсруулан   520 мянган хүн  дэмжсэн төсөл бэлэн  байна. Манай нам 2020 онд Их хурлын сонгуульд  ялж  олонхи болсноор  дээрх асуудлыг ард  түмэнтэйгээ хамт шийдвэрлэх болно. 

-Улс орнууд баялагтаа хэрхэн хандаж, яаж ашиглаж байна вэ?

-Баялагтай улс орнууд хөгждөг , баялгаа зөв ашиглавал  үндэсний  хуримтлал үүсдэг.Үүгээрээ зайлшгүй хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлж “Баялагийн сан” байгуулдаг нь  дэлхий нийтэд тогтсон ойлголт . Байгалийн баялгийг  хамгийн үр өгөөжтэй ашиглаж, тэгш, шударгаар хуваарилдаг Норвегийн сангийн туршлага бий. Байгалийн баялгийн нөөцтэй улс орнуудад   тогтворжуулалтын, валютын нөөцийн хөрөнгө оруулалтын, хадгаламжийн, тэтгэврийн нөөц   сан  гэсэн  олон хэлбэрээр баялагийн сан байгуулан ажиллуулж байна. Хэдэн жил баялгийн сан байгууллаа гэж ярьсаар судалсаар цаг  алдаж  байна. Монголын баялгийн сангийн онцлог гэж худал ярьж байхаар шууд хуулбарлаад ажиллах хэрэгтэй . Өнөөдөр хүртэл Ерөнхийлөгч нь Норвегийн баялагийн санд дээр оччихсон  туршлага судлаад явж байх шиг байна.Яагаад ингэж  цаг алдаад байна вэ.  Зориудаар монгол хүнийг ядуу буурай, өртэй байлгах сонирхол байгаад байна уу.  Хэнд вэ. Яагаад гэсэн асуултыг өөрсдөө тавьж үзэх хэрэгтэй.

-“Баялгийн сан”-г яаж бүрдүүлдэг вэ. Манайд ямар боломж байна? 

 -Баялгийн сангууд ашигт малтмалын экспортын орлого, АМНАТ татвар,  санхүүгийн  нөөц,  Төвбанкны нөөц  орлогоос хөрөнгөө  бүрдүүлж байна. Баялгийн сангууд нь  төрийн мэдлийн, эдийн засгийн бодлогоо  дэмждэг, байгалийн баялгаас орлого төвлөрүүлдэг, түүнээсээ иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилдаг үндсэн үүрэгтэй  тул  Монгол Улс дэлхийн жишгийн дагуу “Баялагийн сан” байгуулах  боломж хангалттай байна. Норвеги, Чили, Арабын Нэгдсэн Эмират, Япон  улсын туршлагаас харахад Баялгийн сандаа ашигт малтмалынхаа орлогын тодорхой хэсгийг байршуулан, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үед төсөвт төвлөрөх орлогын нэг хэсгийг хуримтлуулж  хадгална. Уул уурхайн бүтээгдэхүүний  үнэ буурсан үед хуримтлалаасаа авч, төсөвт оруулж зайлшгүй  хөранга оруулалтыг хийнэ. Энэ нь уул уурхайн  орлогыг дагаад төсвийн зарлага нэмэгдэх эрсдэлээс сэргийлж  нөгөө талаас    тэтгэврийн даатгалын сан төсөвт их хэмжээний дарамт  өгөх үед Баялгийн сангийнхаа нөөцөөс зарцуулдаг  олон туршлага дэлхий даяар хэрэгжүүлж байна. Казахстан, Бруней, Кувейт, Сингапур, ӨАБНУ, Шинэ Зеланд, Вьетнам, Азербайжан зэрэг 49 улс ийм сан байгуулсан байна. Дэлхийн эдийн засгийн өсөлттэй холбоотой   түүхий эдийн үнэ өссөөр байгаа нь энэ үед баялгийн их хэмжээний нөөцтэй  орны хувьд хөрөнгө оруулагчдыг татах сонирхол боломж их байна.

-Тухайлбал?

-Статистик үзүүлэлтээс харвал,  Австрали, Хятад, Канад, АНУ-ын томоохон уул уурхайн компаниуд Монголд  хөрөнгө оруулалт хийсэн боловч үр шимийг цөөхөн гэр бүл, компаниуд  хүртсэн байна. Тухайлбал хамгийн муу жишээ Оюу толгой ХОГ. Монголын баялагийг барьцаалан  олон улсын санхүүгийн 4 байгууллага, 15 банк арилжааны Mitsubishi, Standard Chartered, Sumitomo Mitsui, EXPORT-IMPORT BANK OF THE UNITED STATES ,HSBC  зэрэг томоохон санхүүгийн  байгууллагуудтай  гэрээ хийж банкнуудаас  4,4 тэрбум ам доллар хөрөнгө босгосон хирнээ өнөөдөр Монголын тал 1,4 тэрбум ам долларын өртэй,  Рио тинто компани зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт 2018  онд  2,8 тэрбум ам доллар  авчирсан байна.Үүнээс харахад л Монголын баялаг нам дамжсан  олигархи бүлэглэл, үндэстэн дамнасан томоохон  компаниудын төлөөлөл бүхий хэдэн хүмүүсийн мөнгө  олох  хэрэгсэл болсоор байгаад харамсаад   байгаа юм.

-Байгалийн баялгаас цөөн хүн ашиг олох бус  улс орноо хөгжүүлэхэд зарцуулах юм бол манай улс ингэж хөгжинө гэсэн эдийн засгийн  тооцоолол байна уу?

-Манай орны байгалийн баялагийн нөөц  3.1 их наяд тэрбум ам.доллартай тэнцүү өөрөөр хэлбэл нэг хүнд 1.0 сая ам долларын  нөөц хөрөнгөтэй гэсэн тооцоолол бий. Монголын компаниуд олон улсын биржид хувьцаа гаргаж амжилттай арилжаалсан туршлага ч байна. Торонто, Лондоны Хөрөнгийн бирж нь уул уурхайн компаниудын хувьцааг арилжаалдаг хамгийн таатай газар юм. Яг энэ үед  Монголыг олон улсын хөрөнгө оруулагчид  сонирхож байгааг ашиглан Эрдэнэс таван  толгой  компанийн    хувьцааг  олон улсын  хөрөнгийн зах зээлд  олон нийтэд арилжаалж (IPO) хөрөнгө босгож болох боломжийг алдаж  байна. Эрх баригчид 2 жил гаруй ярьсаар   гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголын төрд итгэх итгэл нь буурлаа. Уг нь  амжилттай IPO хийснээр  макро эдийн засгийн хүчин зүйлүүдэд  өсөлт  авчрах юм. АМХЭГ-ын судалгааг харахад 2019 оны байдлаар  3084 лицензийн жагсаалт түүний  дотроос 1124 нь ашигт малтмалын онцгой баялгийн, тухайлбал алт, зэс, нүүрсний орд  байна. Өөрөөр хэлбэл, шавхагдаж нөөц нь дуусдаг баялгийг эзэмшсэн гадаадын голдуу компаниуд байдаг, тэд  1200 орчим лиценз авчээ. Тухайлбал, Люксенбургийн гаралтай   “Кью Жи Экс монгол” гэх компани 165 лицензтэй, Нидерландын “Сентерра Гоулд” компани 153 лиценз, Японы иргэний эзэмшлийн “Адамс Майнинг” компани  220 лицензтэй байна. Монголын төр ийм шийдвэрийг аль эрт гаргачихаад явж байна шүү дээ. Ийм учраас байгалийн баялагийг Ард түмний дундын   өмч болгох асуудлыг шийдвэрлэхийн төлөө Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлийн төлөө шинэ хувьсгалт өөрчлөлтийг ард түмэн шаардсаар байгаа юм. Байгалийн баялгийн ашгийг бүх нийтээрээ тэгш хүртсэнээр  цөөхөн хүн амтай манай улсын хувьд хөгжлийн шинэ шатанд хүрэх боломж нөхцөл  хангалттай  байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.3  ДАВАА  № 22 (6247)