Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан болж 2019 оны ажлаа дүгнэн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав. Энэ онд нийт 88 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн хурлаар “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймаг, орон нутгийн сайн туршлагыг нэвтрүүлэх зэргийг хэлэлцэн тогтоол гаргав. Мөн ажлаараа тэргүүлсэн Батлан хамгаалах яам, нийслэл, Өвөрхангай аймгийн салбар хороог шагнаж урамшууллаа. Цаашид:

-  Сангийн яам жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал боловсруулж батлах, бүх түвшинд нэвтрүүлэх

-  Хорооны гишүүд тоо бүртгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналтаа хянаж, хүйсээр ялгасан тоон мэдээ, чанарын шалгуур, үзүүлэлтүүдийг тусгах

-  Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү 10 жил байгаад онцгой анхаарч, тодорхой бодлого гарган ажиллах

-  ХНХЯ, МҮЭХ, Хараат бус судалгааны хүрээлэн хамтран Ажил-амьдралын тэнцвэрийг хангах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, энэ чиглэлээр гадаадын туршлагыг судлах, загварчлал түгээх

-  Ажлын байран дахь хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах

-  Төрийн албан хаагчдын жендэрийн талаархи ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.