Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцлээ.  Парламент энэ асуудалд шууд шийдвэр гаргаж чадаагүй.  Мэдээж үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн байх.  Өчигдөр үдээс хойшхи хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, гишүүд УЕП Б.Жаргалсайханы гишүүнийг түдгэлзүүлэх үндэслэлийг сонссон. Улмаар нэрсийн дарааллаар цаасаар нууцаар санал хурааж,  дуусав.  Яг үүнтэй зэрэгцэн  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдэл хийж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч буйгаа илэрхийлсэн байдаг.  Тэрээр “Би хэн нэгний шахалтаар өргөдлөө өгөөгүй.  Цэвэр өөрийн хүсэл сонирхлоор чөлөөлөгдөж байна.  Миний эсрэг улс төрийн том махны машин ажиллаж байна.  Гэвч би айхгүй.  Үнэн ялна гэдгийг цаг хугацаа харуулна.  Надад хийсэн гэм байхгүй.  Надад өөрийнхөө  гэм буруугүйг нотлох хангалттай баримт бий.  Харамсалтай нь хууль хяналтын байгууллагынхан түүнийг шалгахгүй байна. Гэм буруугүй гэдгээ нотлоод эргэж ирнэ гэж хэлэхгүй, одоо шууд өргөдлөө өгнө” гэв.

Мэдэгдлийнхээ дараа тэрээр хэлсэн ёсоороо УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг.  Харин парламент энэ асуудлаар дахин хуралдах шаардлагатай болов.  Учир нь нууц санал хураалтад 58 гишүүн оролцож, 30  нь түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 гишүүн нь авч үлдэнэ гэжээ. Улмаар нууц санал хураалтын дүнг баталгаажуулж, Н.Номтой­баярыг түдгэлзүүлэх хуулийн төслийг батлая гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь  татгалзсан байдаг. Тэгэхээр зарим гишүүн хаалттай санал хураахад Н.Номтойбаярын эсрэг, харин нээлттэй явахаар Н.Номтойбаярын талд   кноп дарсан гэсэн үг. Ийнхүү парламент дугаар шилжих мөчид тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, эсвэл Н.Номтойбаярын чөлөөлөгдөх өргөдлийг хүлээж авах эсэх дээр тогтож чадаагүй, хаалттай хуралдаж байв.  

УИХ-ын гишүүн Н.Номтой­баярыг түдгэл­зүүлэх асуудал он гарснаас хойш улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв байлаа.  Нэг хэсэгтээ л сураг тасарч ажилдаа ирэхгүй байсан Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан гэнэт гарч ирж гишүүнийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн. Улмаар энэ асуудлыг  Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн.  Харин Төрийн байгуулалтын байнгын хороо,  Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн билээ.  Мөн энэ үйл явдлуудтай зэрэгцэн МАН-ын ёс зүйн хорооноос Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцсон шийдвэрийг гаргасан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.31  БААСАН  № 21 (6246)