Т.БАТСАЙХАН
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар хоёр ч хуулийн төслийг эцэслэн, баталлаа. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулийг баталсан. Ингэснээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт өөрчлөгдөж байна. Өнгөрсөн хугацаанд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүссэнээс авлига, албан тушаалын гэмт хэргүүд хаагдах тохиолдол байв.
Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойшх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин хууль батлагдсанаар шүүхээр шийдээгүй хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах эрх зүйн үндэслэлтэй болсон гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлаж байв.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийсэн хуулийг зориудаар баталсан тухай их шуугисан. Үүнд бодит тайлбар авмаар байна. Энэ хугацаанд улсад хохиролтой хэдий хэмжээний авлигын хэрэг хэрэгсэхгүй болов. Хөөн хэлэлцэх хугацааг урдаас ярьж төлөвлөж оруулсан гэж би ойлгодог. Ийм ойлголттой хүн ч олон бий” гэв.
Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “2017 оны долдугаар сарын 1-нд орсон өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгоогүй. Харин хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг огт тоолдоггүй эрүүгийн зарчим манайд үйлчилдэг байсан. Дээрх хуулиар зарим хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлалд өөрчлөлт орсон. Ажлын хэсэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-тай холбоотой зохицуулалтыг зарчмын зөрүүтэй санал болгож оруулж ирж өөрчлөөгүй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Тамгын газраас лавлагаа авч болно” гэлээ.
Ийнхүү Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулийг баталснаар шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэцлэх хугацааг зогсоох, сэргээн шалгах боломжтой болсон байна.
Түүнчлэн УИХ-ын чуулганаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж батлав. Яаралтай горимоор орж ирсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт 44 гишүүн оролцож 35 нь дэмжсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Д.Мурат, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Г.Солтан, Ч.Улаан, Д.Цогтбаатар, Н.Цэрэнбат нар дэмжээгүй. Хууль батлагдсанаар ахмад настны зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, түүнээс илүү гарсанг нь өөрсдөө төлөхөөр болов. Мөн тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгтэй тэнцэх үнэт цаас олгох бөгөөд үүнийг 2021 оны тавдугаар сараас авах боломжтой болно. Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно. Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй гэсэн заалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.1.13 ДАВАА № 7 (6232)