Ч.ЗОТОЛ
Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх санаачилгыг Ерөнхийлөгч гаргаж, Засгийн газар дэмжин чиглэл өгснөөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, холбогдох газрууд хуулийн төсөл оруулж ирсэн. Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн ерөнхий утгатай, нарийн зохицуулалтуудыг хийгээгүй бүрхэг төсөл орж ирсэн нь өчигдөр байнгын хороо, чуулганы хуралдаан дээр харагдаж байсан. Гэсэн ч Ерөнхий сайд үүрэг өгсөн учраас МАН-ынхан хуулийн төслийг махийтал зүтгүүлж буй. Иймд МАН-ын тэтгэврийн зээл тэглэх асуудлаар байр сууриа нэгтгэх, бүлэг дээрээ санал солилцохоор хуралдаж байна.
Байнгын хороо, чуулганы өчигдрийн хуралдаан дээр Ж.Батзандан гишүүн “ Хуулийн төслөөр 750 тэрбум төгрөгийг Салхитын ордод тулгуурлан бонд босгож, Төрийн болон Хаан банк руу байршуулах юм байна. Үүний цаана энэ хоёр банкны алдагдлыг хаах гэсэн санаархал явлаа гэж би хардаж байна. Хуулийн төсөл нь зээл авсных нь өрийг хааж, бусдыг нь үлдээх юм байна. Зээл авсан нь хож, бусад нь хохь гэж болохгүй. Тэтгэвэр авдаг ахмадуудад 750 тэрбум төгрөгөө тэгш хувааж өг” хэмээн шаардсан. Тэгвэл Б.Пүрэвдорж гишүүн “Үндсэн хуулийн зарчим. Салхитын ордоос ирж ирж байгаа байгалийн баялгийг ард түмэнд ялгавартай олгож байгааг гайхаж байна. Тэтгэвэрийн гэж ялгаад, дотор нь зээлтэй зээлгүй гэж байна. Тэгэхээр Цэцэд очих вий” хэмээн анхааруулсан бол Л.Болд гишүүн “Ахмадууд бүгд хохирохоор төсөл орж ирлээ. Иймд эсэргүүцэж байна. Энэ асуудлаар намуудын зөвшилцөл хий” хэмээн шүүмжилсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn