Ч.ЗОТОЛ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Энэ үеэр Үндэсний баялгийн сан, хараат бус чиг үүргийн санг удирдах асуудал гэж хуулийн төсөлд оруулсан нь ойлгомжгүй байгаад Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын гишүүд шүүмжлэлтэй хандаж байв.
Б.Энх-Амгалан гишүүн “Хуулийн төслийг дэмжиж байна” гээд төрийн, нийтийн зохицуулалтыг тодорхой болгох хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал, газар, түүний хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэсэн суурь зарчмыг баримтлаарай, органик хуулиудад зохицуулалтыг маш сайн хийгээрэй гэв. Ц.Цогзолмаа гишүүн байгалийн баялгийн асуудлаар хуульд “Тэгш хүртэмжтэй, шударга байх зарчим” гэдгийг үгээр нь оруулах нь зүйтэй гэв. М.Оюунчимэг гишүүн “Хуулийн төслүүдийг цаг алдалгүй батлах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн тэрээр экологийн цагдаа бий болсонд талархалтай байна. Ингэхдээ байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг хийх нэгжийг бий болгож, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох хэрэгтэй. Гол мөрний эрэг орчим, түгээмэл тархацтай ашигт малтмал, аялал жуулчлалын газрууд дээр хяналт хэрэгтэй байгаа. Хуулиудын хэрэгжилтэд анхааръя. Дээр нь төрийн, нийтийн өмч гэдгийг ойлгомжтой, тодорхой болгох хэрэгтэй” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn