Т.САЙХАН

МАХН-аас тэтгэврийн зээлийг  тэглэх асуудлаар өнөөдөр /01.06/ мэдээлэл хийлээ. Намын зүгээс тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэхдээ дараах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

  1. Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянган орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх,
  2. Тэтгэврийн зээлийг олгохыг үргэлжлүүлэх, ингэхдээ хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх зэрэг зарчмыг баримлах нь тэтгэвэр авагчдад төр засгаас үзүүлэх бодитой тус дэмжлэг болно гэж үзэж байна.

МАХН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “МАХН 2019 онд “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж өрийн дарамтад байгаа иргэдтэйгээ нүүр тулан уулзсан. Мөн маш олон иргэний судалгааг авч, энэ асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг Төрийн гурван өндөрлөгт албан ёсоор хүсэлт тавьсан байдаг. Үүнийг тухайн үед нь хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдэгдэж байсан. МАХН-аас тавьсан энэхүү шаардлагыг дэмжиж ахмадуудын тэтгэврийг зээлийг тэглэх саналыг ҮАБЗ-ийн гишүүд дэмжсэнийг талархан хүлээж авч байгаа.  Гэхдээ аливаа асуудлыг шийдэхдээ цогцоор нь шийдэх нь чухал байна” гэлээ.

Ахмадын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэхдээ эх үүсвэрийг нь хаанаас яаж гаргах вэ  гэдэг асуудал анхаарал татаж байна.  Тэгвэл МАХН эх үүсвэрийг (780 орчим тэрбум төгрөг) дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.

Үүнд:

  1. “Капитал” банк дампуурч уг банкинд байсан Нийгмийн даатгалын сан буюу Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг, нийт 240 тэрбум төгрөг
  2. Түүнчлэн, “Хөгжлийн банк”-ны үр ашиггүй зарцуулсан 2 их наяд төгрөгийг буруутан этгээдүүдээр төлүүлэн ахмадуудын зээл, зээлийн хүүг тэглэх эх үүсвэр болгох нь зөв болно.
  3. Мөн аудитын шалгалтаар нотлогдох баримтын хүрээнд АСЕМ-ийг зохион байгуулах нэрээр 7 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэж тогтоосон байдаг билээ.
  4. АТГ-ын албан ёсны мэдээлэлд албан тушаалтнууд 12 их наяд төгрөгийг хулгайлсан эдгээр мөнгийг төлүүлж ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх эх үүсвэр болгох нь шударга ёсонд нийцнэ гэсэн байр суурь илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn