Нийтлэлч Б.Дамдин-Очир

“Тунгалаг тамир”-ын нэг алдартай хэсэг бий. Түгжилд “түгжилдүүлсэн” Цахиур Төмөр “...Хэдэн адсаганаас болж хүн алах нь ээ” гэдэг.

Түгжилийн эрх ашиг бол Төмөрийн амь биш ердөө л хэдэн адуу байв. Харин Төмөрийг үгүй хийвэл адуутай болно гэж Түгжил сэтгэсэн. Энгийн хэрнээ маш аюултай логикийг илэрхийлсэн эд л дээ.

Ингэж бүтэн зууны өмнө Монголын төр кино урлагаар дамжуулж “...Түгжил баба” гэдэг суртахууныг нийтэд суулгаж байжээ.

Харин өнөөдөр Түгжилүүд өсч үржээд, сүрэглэчихсэн. Түгжилдсэнээ “намын бодлого” хэмээнэ. Эрх ашиг нь киноны Түгжилээс дээрдэх зүйлгүй. “Хэдэн адсага”-ны дайтай л эрх ашгийн төлөө тэр бүгдийг хийдэг.

Өнгөрсөн зууны хутга барьсан адууны хулгайч Түгжилүүд өнөөдөр хууль өөрчилсөн хүний эрхийн хулгайч нар болсон байна.

Монголын парламент 76 гишүүнтэй. Тэдгээрийн 64 нь МАН-ын гишүүн хүмүүс байдаг. Тэд 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Мэдээж хэрэг, тогтолцоо нь яаж гарч ирэх нь вэ гээд том, жижиг намууд, ер нь нийтээрээ л харж суув. Харин тэр “хүзүү”-ний цаана жинхэнэ гуя байсан нь хуулийг батлахаас хэдхэн хоногийн өмнө ил болсон.

Тэр бол Т.Аюурсайхан нарын барьж орж ирсэн  30 дугаар зүйлийн 30.8-д орсон “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт юм. Энэ заалт зарчмын зөрүүтэй батлагдсан байдаг. Учир ҮХЦ-ийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг УИХ 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээж аваад, тогтоол баталжээ. Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ заалтыг хасахыг дэмжээгүй юм. “...Иймээс гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал төсөлд хэвээр үлдэв” гэж хуулийг хэрхэн баталсан тухай протоколд тэмдэглэжээ.

Ийм санал яагаад гарч ирсэн, энийг МАН-ын 64-өөс Т.Аюурсайхан сонгогдон барьж оруулж ирсэн зэрэг нь дандаа хоорондоо холбоотой. Маш товчоор тайлахад, Т.Аюурсайханы ард Н.Багабанди, Н.Багабандийн цаана Рио Тинто байгаа юм. Т.Аюурсайхан нь Н.Багабандийн туслах байлаа. Харин Н.Багабанди Ерөнхийлөгчөөс буусан цагаасаа Оюутолгойн ордыг ашиглаж байгаа Рио Тинтод үйлчилж ирсэн.

Тэгэхээр энэ зүйл заалтын бүүр цаад эзэн нь Рио Тинто болж таарна. Рио Тинто яагаад ийм “хууль санаачилсан” бэ гэхээр Н.Энхбаярыг УИХ-д оруулж ирэх нь тэдний хувьд үхэл гэсэн үг. Тэр утгаараа Н.Энхбаяр бол Рио Тинто хийгээд тэдний эрхшээлд орсон улстөрчдийн дайсан болж таараад байгаа юм. Тиймээс Оюутолгойн ордыг ашиглах маш ашигтай гэрээ байгуулж бүтэн 10 жилийн турш Монголын улстөрчдийг барьчихсан Рио Тинтогийн хувьд гэрээг өөрчлүүлж хосоо шувтруулах хүсэл байхгүй. Ер нь Монгол бол Рио Тинтогийн дохиогоор хөдөлдөг Оюутолгойгоосоо жижигхэн "орд газар" болсныг Үндсэн хуулийн өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлах үйл явц ямар сценариар, яаж явснаас тодорхой харагдана.

Яг үнэндээ Оюутолгойн гэрээг АТГ, ҮАГ, УИХ шалгаж баахан зөрчил илрүүлж, хэлэлцэхээс аргагүй, гэрээг өөрчлөхөөс өөр гарцгүй болоод байх үед Үндсэн хуулийг өөрчлөх асуудал орж ирсэн. Дундуур нь юу ч хэлэлцэхгүй гээд бүгдийг нам гацаасан. Юун Оюутолгойтой манатай болж, хэдэн сар түгжсэн. Яву явж Үндсэн хуулийг шинээр батлах биш хэдэн нэмэлт өөрчлөлт оруулаад л дуусгасан.

Гэтэл энэ УИХ-ын сонгуулийн тухай хуульд орж ирсэн Н.Энхбаярыг УИХ-д оруулахыг хориглосон заалт нь ҮХЦ-ийн “хориг”-той байдаг. Гэхдээ МАН-ынхнаас бүрдсэн УИХ үг дуугүй батлаад л явуулсан байгаа юм. МАН-ын гишүүдийн хувьд намын бодлого, даргын чиглэлийг л дагаж байвал юугч батлахад бэлэн болчихсон байгаа. Тэдэнд намын даргаасаа нэр дэвших квот авах л хамгийн чухал болсон цаг шүү.

Маш харамсалтай нь сонгогдох эрхийнхээ квотын төлөө бусдын сонгогдох эрхэнд халдаж байгаа МАН-ын гишүүд юу хийчихэж байгаагаа ухахгүй байгаа нь ил байна. Энэ талаар Н.Энхбаяртай улс төрийн үзэл баримтлал өөр явж ирсэн нөхдүүд хүртэл яриад эхэллээ. Ардчилагч Э.Бат-Үүл бичсэн нийтлэлдээ "... Баасанхүү, Аюурсайхан нарын гишүүд, сонгуулийн хуульд авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг хэр дэвшүүлэхгүй байх заалт оруулж, түүнийг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ дэмжиж баталснаархарууллаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хориглочихоод байхад шүү дээ! Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уг заалтыг эсэргүүцэж мэдэгдэл хийхдээ “Энэ бол Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь ингэж яллаж болохгүй” хэмээжээ. Энхбаярын зөв юм. Нэгэнт шүүхийн шийдвэрээр ял эдэлж дуусаад гэм зэм нь цайрсан иргэнийхээ эрх, эрх чөлөөгөө хууль ёсоор эдэлж байгаа нэг иргэндээ зориулж хууль гаргаж болохгүй. Хүнийг шүүхээр яллачихаад дахин хуулиар яллаж болохгүй" гэжээ. Угаасаа Н.Энхбаяр тухайн үед шударга шүүхээр шүүгдээгүй. Хэлмэгдүүлэлт болсон. 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай “...Энхбаярыг үхрийн бөөр шиг юмнууд нийлүүлж байгаад яллачихлаа” гэж байв. Хамгийн том, товч, оносон дүгнэлт энэ байдаг. Тэгвэл Н.Энхбаяр дахиад хэлмэгдлээ. Түүнийг шүүхээр яллаж чадахаа болихоороо хууль гаргаж яллаж байх шиг байна.  Ардчилагч Э.Бат-Үүл "...Хуулиар яллах гэдэг ийм аюултай. Энэ аргыг өнөөдөр Н.Энхбаярт зориулан сэргээж байна. Бусдын эрх, эрх чөлөөнд ямар ч гэм учруулаагүй Н.Энхбаярыг шүүхээр яллаж чадахгүй болохоор нь хууль гарган сонгуульд нэр дэвших эрхийг нь цуцаллаа. Тэд чаддагсан бол амьд явах эрхийг нь цуцалж мэдэх юм байна" гэжээ.

Хамгийн гол нь түүний “...Фашизм гээчийг, хууль зүйн өнцгөөс нь аваад үзвэл, үндэсний удирдагч, жолоодогч, фюрер гэх мэт дээд эрхийг барьж үндэсний хувь заяаг атгасан хүмүүсийн хүсэл зоригоос (Үндсэн хуулиас бус) л хууль урган гарах ёстой гэсэн үзэл санаа юм. Энхбаярт тохиолдсон явдал нь Монголын төр, ашиг сонирхол нь хатгавал иргэнтэй хийсэн нийгмийн гэрээгээ юман чинээ үл тоон зөрчих хүмүүсийн гарт байгаа юм байна гэдгийг харуулж байна! Тэд, фашистууд шиг Үндсэн хуулиас хуулийг хулгайлах замаар, ард түмэнтэй хийсэн гэрээгээ цуцлах юм байна! Фашизм айсуй гэдэг маань ийм учиртай. Өнөөдөр Монголын төр, фашизмд үүд хаалгаа нээхээр зэхэж байна. Архи үйлдвэрлэгчдийг сонгуульд оруулахыг хориглох санал гарч байх үеэс л, бас уул уурхайн бизнес эрхэлдэг этгээдүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглох санал гарч байх үеэс л УИХ дээр фашист үзэл санааны сураг дуулдаж байсан юм. Харин өнөөдөр сураг биш, хууль болчихлоо!” гэсэн нь чухам л бодит байдлыг байгаагаар нь дүгнэчихжээ.

Гэхдээ Монголын төр фашизмд үүдээ нэхээр зэхчихсэн биш нээчихсэн байна. Хамгийн гол нь энэхүү фашизмыг коммунист үзэл суртал бүхий намын нөхдүүд хэрэгжүүлж байна. Тэгэхээр Монголд тогтож буй энэ шинэ дэглэмийг “коммунист фашизм” гэх үү, юутай ч монгол маягийн онол гарч ирж байх шиг байна. Маш энгийнээр, “...Хамтаараа нэгдлээрээ гэдэг коммунистууд, фюрер шиг жолоодогчийнхоо үгээр “зомби” маягийн үйл ажиллагаа явуулдаг Монголын коммунист фашизм” хэмээх монголчилсон томъёолол гарч байна. Жич: МАН-ын боловсон хүчнүүд бол амьд үхдэл буюу “зомби” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны арванхоёрдугаар сарын 16-нд албан ёсоорр мэдэгджээ. МАН-ыг коммунист нам гэж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2019 оны тавдугаар  сарын 17-нд Монголын бүх хэвлэлээр мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn