Т.САЙХАН
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхийг нь хязгаарлах заалтыг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулсан. Энэ заалт нэлээд асуудал дагуулаад байна. Энэ тухай хуульч Ц.Цолмонгоос тодрууллаа.
-Сонгуулийн хуульд зарим хүнийг нэр дэвшихийг хориглох тухай заалт оруулж баталлаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ заалт нь Үндсэн хуулийн зарчим, агуулгыг хөндөж байна. Хүн амьдралдаа алдаж онож болно. Тодорхой хугацааны дараа ял шийтгэлгүй тооцох нь ямар ч улсын Эрүүгийн хуульд байдаг, байх ёстой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүйл шүү. Миний санаж байгаагаар Эрүүгийн хуульд 200 гаруй төрлийн гэмт хэргийг хуульчилсан байдаг. Ял шийтгэл эдэлсэн хүн болгоны Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хааж боогдуулаад байж болохгүй. Тухайлбал, автомашины осол гаргасан хүн дахин машин жолоодох эрхгүй гээд Авто тээврийн тухай хуульд хуульчлаад байж болохгүй биз дээ. Үүнтэй л адилхан шүү дээ. Харин энэ үйл явдлын өрнөл хамаагүй өөр зүйл рүү чиглэж байна гэж харж байна.
-Тухайлбал, ямар чиглэлтэй байна гэсэн үг вэ?
-Үндсэн хуулийн суурь зарчим засаглалын эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд тэнцвэртэй гурав хуваасан. Хуулиа тогтоо, түүнийг нь хэрэгжүүл, маргаан гарвал шийд гэсэн үг. Харин Ерөнхийлөгч зөвхөн ёслолын чиг үүрэг бүхий үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн суурь зарчим алгуурхнаар өөрчлөгдөж ирсэн. Ерөнхийлөгч шүүх, прокурор, АТГ гээд хуулийн гол байгууллагуудын томилгоог шууд ба шууд бусаар хийдэг. Түүгээрээ дамжуулан төрийн бусад салбарт шууд нөлөөлж чаддаг том эрх мэдэлтэй болсон. Шүүгч нарыг л томилох, чөлөөлөх замаар шүүх эрх мэдэл бүхэлдээ Ерөнхийлөгчийн мэдэлд бүрэн утгаараа очсон. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Засгийн газрыг байгуулах, огцруулах, аль нэг гишүүнийг нь чөлөөлөхөд хамгийн нөлөөтэй хүн. Өнөөдөр гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Ерөнхийлөгчийн бодлогыг сөрдөг сайд байхгүй болсон шүү дээ. Харин одоо УИХ-ын сонгуулийн хууль хүчин төгөлдөр үйлчлээд эхлэх юм бол цаашдаа УИХ-ын гишүүдээс Ерөнхийлөгчийн өөдөөс дуугардаг хүн байхгүй болно. Дахин сонгогдохыг хүсдэггүй нэг ч гишүүн байдаггүй биз дээ. Зүйл анги байхад ял шийтгэл олддог гэж Сталины билүү хэлсэн үг байдаг байх аа. Үндсэндээ төрийн бүх эрх мэдэл шууд бусаар нэг хүний гарт төвлөрч байна гэж харж байна. Энэ зохицуулалт парламентын ардчилалд маш хортой.
-Зарим хуульчийн зүгээс Авлигын эсрэг конвенцийн дагуу болно гэсэн тайлбар хийж байгаа?
-За мэдэхгүй ээ. Би лав тийм тайлбар сонсоогүй юм байна. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид манайх нэгдэж ороод бараг 15 жил болж байгаа. Нэгдэн орсны дараагаар Монгол Улсын хуульд нийцүүлэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцаж хийдэг. Олон жилийн өмнө энэ ажлыг хийгээд дууссан. Авлига нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа нь үнэн. Авлигыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Гэхдээ улс юм бол авлигатай тэмцэх стратеги, нэгдсэн бодлого байх ёстой. Түүнээс нь үр дүн гарч байх ёстой. Түүнээс биш авлигатай тэмцэх асуудал улстөрчдийн оноо авах сэдэв биш гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн зүгээс хуульд хориг тавих болов уу. Та юу гэж бодож байна?
-Харж л байя. Хуулийн хугацаатай асуудал болохоор хугацаа нь өнгөрөхөөр бүх юм тодорхой болно. Энэ хууль хүчин төгөлдөр болбол Цэц дээр очих байх. Цэц Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй. Цэц дахиад нэг шалгалтад орох нь. Үндсэн хууль, зарчим, үнэт зүйл ардчиллын суурь болдог. Монголын ардчилал бас нэгэн шалгуурын өмнө ирж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.26 ПҮРЭВ №256 (6223)