Б.БАЯРЖАВХЛАН
МАХН-аас зохион байгуулж буй ипотек, тэтгэвэр, цалингийн зээлийг тэглэх зорилготой “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөрийн батламж гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Үйл ажиллагаанд зургаан дүүргийн 800 гаруй иргэн оролцсон юм. Үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн байр суурийг хүргэж байна.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: Биднийг ядууралд хүргэсэн 300 гэр бүл сайхан амьдарч байна
-Монголчууд бид сүүлийн 10 гаруйхан жилд гадаадад 30 тэрбум төгрөгийн өртэй болсон байна. Хүн бүр тэтгэвэр, цалин, ипотекийн зээлтэй. Харин биднийг ядууралд хүргэсэн 300 гэр бүл сайхан амьдарч байна. Үлдсэн 3.2 сая хүн нь ядуурлын туйлд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, МАНАН-ын төр монголчуудын өмнө гэмт хэрэг хийсэн. Харин энэ асуудлыг бид шийдэх гэж байна. Гэхдээ бид энэ асуудлыг гурван жил судалж, ард түмний санал бодлыг асууж, тодорхой бодлого боловсруулж Монголын ард түмнийг ядуу зүдүү байлгаж байгаа энэ асуудлыг шийдье гэж МАХН цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Түүнийгээ Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барьсан боловч хараахан хариу нь ирээгүй байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжих хугацаа бол 2020 он. Сонгуулиар МАХН-ын гишүүдийг олонх болгосноор энэ асуудал шийдэгдэнэ. Оюутолгой, Тавантолгойн тэр их баялгийг ард түмний дундын өмч болгосноор өрийн асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэнэ. Бид ард түмэнд зориулсан өршөөлийн хуулийг бий болгох гэж байна.
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян: Ипотек, цалин, тэтгэврийн зээлийн хүүг тэглэх ёстой
-Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш явж байгаа “Өргүй Монгол” бүртгэлийн үйл ажиллагаанд 20 мянга орчим хүн хамрагдсан байна. Энэ арга хэмжээг энэ сарын 28-ыг хүртэл сунгаж өгөөч гэж аймаг орон нутгийн иргэдээс хүсэлт ирсний дагуу бид хугацаагаа сунгасан байгаа. Монгол хүн Үндсэн хуульд заасан амьд явах эрх буюу орох оронтой, хоол ундтай байх гэсэн үндсэн эрхээ эдлэхийн төлөө өрөнд орж болохгүй. Цалин, тэтгэврийн зээл гэдэг ойлголт дэлхий дээр байдаггүй. Цалин, тэтгэвэр гэдэг чинь тухайн сардаа нэг олгогдож тэр сарынхаа хүний амьдралын хэрэгцээг хангаж байх ёстой. Харин цалингаасаа илүү гарсныгаа хадгаламжид хийх ёстой. Гэтэл манайд 1.3 сая иргэн цалин, тэтгэврийн зээлтэй байгаа нь хүний эрхийг зөрчиж буй асуудал юм. НҮБ-ын түгээмэл тунхаглалд хүний ахуй амьдралд цалин хүрэлцэхүйц байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэд өрөнд орсон. Харин одоо түүнийгээ төр, засаг өөрөө шийдэх ёстой. Тиймээс ипотек, цалин, тэтгэврийн зээлийн хүүг тэглэх ёстой гэж МАХН-аас үзэж байна.
Хан-Уул дүүргийн иргэн Л.Мөнхсайхан: Ахуйн хэрэгцээгээ хангахын тулд зээл авсан
-Эрдэнэс Тавантолгой эсвэл Эрдэнэтийн жилийн ашгаар тэтгэврийн зээлийг нэг удаа бүхэлд нь чөлөөлөх боломжтой. Ахуйн хэрэгцээгээ хангахын тулд бид зээл авч байна. Харин үүнийг болиулж өгөөч. Мөн байгалийн баялгийг ард түмний мэдэлд өгч биднийг хангалуун амьдруулаач гэж хүсч байна. Харин бидний хүсч буй зүйлийг биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа ганц нам бол МАХН учраас би өнөөдөр дэмжиж байна.
БЗД-ийн XIX хорооны иргэн Б.Цэцэнхүү: Байгалийн баялгаасаа хувь хүртмээр байна
-МАХН зөв зүйл ярьж байна. МАН, АН хоёр ард түмнийг туйлд нь хүртэл сөхрүүллээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа ямар нэгэн муу муухай зүйлийг хийж байгаагүй. Харин Ц.Элбэгдоржийн үед хамаг зүйлс тартагтаа тулсан. Тиймээс Н.Энхбаяр болон МАХН-ыг дэмжиж байна. Ядаж бид үр хүүхдээ үнэ төлбөргүй сургуульд сургаж, байгалийн баялгаасаа хувь хүртмээр байна.
СХД-ийн V хорооны өндөр настан Л.Болд: Бид өргүй нүд анимаар байна
-Би насаараа улсад ажилласан хүн. Өнөөдөр би тэтгэврийн зээлтэй бас гэр хороололд амьдарч байна. Харин би өртэй нас барахад миний үр хүүхэд зээлийг минь төлөх ёстой болж байна. Ахмадууд бид үхэхдээ сэтгэл амар өр зээлгүй нүд анимаар байна. Энэ асуудлыг л шийдэж өгөөсэй гэж энд ирлээ.
Арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөрт 20 орчим мянган хүн бүртгүүлээд байгаа бөгөөд орон нутгийн иргэдийн хүсэлтээр энэ сарын 28-ныг хүртэл сунгаад байгаа ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.23 ДАВАА №253 (6220)