Ч.ЗОТОЛ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан саналуудад санал хураалт явуулж Сонгуулийн хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Хуулийн төсөлд анхаарал татсан хэд хэдэн заалт байсан. Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 20 хувь байхаар оруулж ирснийг 30 болгохыг эмэгтэйчүүд шаардсан. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Сонгох, сонгогдох эрхийг мөн шаардсан. Учир нь хуулийн төсөл дэх “Авлига, албан тушаалын хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт нь нэг хүнд зориулсан ч нийтийн эрх ашгийг хөндөж байна. МАНАН бүлэглэл намайг хэлмэгдүүлж, хилс хэрэгт гүтгэн шүүхээр яллуулсан бөгөөд энэ заалтаар дахин яллаж байна гэж тэрээр мэдэгдсэн. Нөгөө талаас энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй тул Үндсэн хуулийн цэц 2008 онд “Хүний сонгох, сонгогдох эрхийг насан туршид нь хязгаарлаж болохгүй” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Парламентад суудалгүй намууд нэгдэж эвслийн асуудлаар УИХ-д шаардлага хүргүүлсэн. Тэр нь намуудын эвсэл болж орох эрхийг хааж байна гэсэн шүүмжлэл байв.
Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанаар эвсэлд нэгдсэн намуудын олонхи нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцох саналыг дэмжлээ. Мөн сонгуульд нэр дэвшигч ял шийтгэл хүлээж байгаагүй талаар ЦЕГ-ын тодорхойлт авах саналыг дэмжив. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг хасах саналыг байнгын хорооноос гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр Үндсэн хуулийн цэцээс 2008 онд гаргасан “Хүний сонгох, сонгогдох эрхийг насан туршид нь хязгаарлаж болохгүй” гэсэн дүгнэлттэй Сонгуулийн тухай зөрчилдөж байгаа юм. Хүний эрхийн конвенц, Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулийг Цэц зогсоох уу. Хэрэв маргаан үүсвэл Сонгуулийн тухай хууль нь хуулийн хугацаанд хэрэгжих боломжгүй болно. Тэгэхээр хуучин хуулиараа сонгуульдах уу гээд асуулт гарч байна.
Эх сурвалж: www.polit.mn