Ч.ЗОТОЛ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүү, Зөрчлийн тухай хуулиудыг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, санал хэлснийг хүргэе.
Б.Бат-Эрдэнэ:
-Улсыг өчнөөн тэрбум төгрөгөөр хохироосон хүмүүс яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Шоронд хийдэггүй юм гэхэд завшсан хөрөнгийг нь төсөвт буцааж төвлөрүүлээч. Улсыг хохиролгүй болгооч. Тэтгэврийн зээл авсан хуримтлагдсан дарамттай иргэд өрийг тэглэж өгөөч, хуулийн төсөл санаачилж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа. Би ийм хуулийн төсөл санаачилна гэж бодож байгаа.
Х.Нямбаатар:
-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 1.2-ын 5 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тогтооно. Дахиж хөөн хэлэлцэх хугацаа гэсэн ойлголт байхгүй. Мөрдөн шалгах хугацааг ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэхээр тогтооё гэсэн санал байгаа. Дагаж мөрдөх журмын тухай хууль байнгын хороогоор хэлэлцэнэ. Үүгээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахиж тооцож тогтооё гэж ажлын хэсэг үзсэн байгаа.
Г.Занданшатар:
-Багц хуулиудыг чуулганаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж гишүүд асуулт асууж, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж үг хэлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Тамгын газрыг холбогдох байгууллагуудын саналыг авч хуулийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг хэлэлцүүлэх чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. Анхны хэлэлцүүлэг хийх үед зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Тухайлбал, багц хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэхэд Хууль зүйн байнгын хороо дараах асуудлыг анхаарч хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах шаардлагатай. Үүнд:
1.Энэ хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолдог болох саналыг оруулж ирсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудтйа хэрхэн уялдаж байгаа болон хууль хоорондын зөрчилгүй байхад анхаарч шаардлагатай бол өөрчлөлт оруулах шаардлагатай.
2.Х.Болорчулуун нарын 24 гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн 17 дугаар зүйлийн 17.12- т заасан малын хулгайн гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжин Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэнтэй холбогдуулан хоёр хуулийн төслийн зохицуулалтыг сайтар нягтлан үзэж давхардал үүсгэхгүй байхыг анхаарах хэрэгтэй.
3.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр Эрүүгийн хуулийн 19.12 дугаар зүйл буюу төрийн нууц задруулах, 19.13 буюу төрийн нууцыг үрэгдүүлэх гэмт хэрэг т өөрчлөлт оруулахаар ирүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан 19.12, 19.13 дугаар зүйлүүдийн нэг дэх хэсэгт өөрчлөлт орох байсан эсэхийг анхаарч нягтлах,
4.Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулсан саналын томъёолол чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэнтэй холбогдуулж зөрчил хянан шалгах тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт орох эсэхийг анхаарах хэрэгтэй. Үүнд Ж.Ганбаатар нарын гишүүд Зөрчлийн хуулийн торгох заалтыг нөхцөл байдалтай уялдуулж шийдвэрлэх саналууд гаргасныг анхаарах хэрэгтэй.
5.УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураан шийдвэрлэсэн болон өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь холбогдох хулуь, тогтоомжтой нийцэж байгаа эсэхийг дахин сайтар нягтлан шалгаж, шаардлагатай бол өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн.
Санал хураахад гишүүд 56.8 хувийн саналаар тус хуулийн төслийг дэмжлээ.
Эх сурвалж: www.polit.mn