Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын улс орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгийн уналтыг зогсоож өсгөх чиглэлээр хүчин чармайлт гаргасны дүнд 7.3 хувийн өсөлттэй байгааг тэмдэглэв. Мөн 7.5 их наяд төгрөгийн өр, зээл дарсан, гадаад валютын нөөц дөрвөн тэрбум орчим ам.долларт хүрсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмсэн, төмөр зам, автозам, газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих зэрэг  бүтээн байгуулалтын томоохон ажил ид өрнөж байгааг дурдав.  

Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр өөрсдийгөө бүрэн хангаж улмаар экспортлох, дэд бүтэц, гадаад харилцаа, мэдээлэл, технологийн салбараа хөгжүүлэх бодлого, хөтөлбөр гарган ажиллаж байгааг хэлэв. Түүнчлэн уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байна гэв. Энэ бүхэнд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын санаачилга, идэвх зүтгэл, оролцоо чухал болохыг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Элчин сайд нар улсдаа хөрөнгө оруулалт татах, эх орондоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг тухайн орныхоо зах зээлд нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв. Алдагдалтай ажиллаж байгаа улсын үйлдвэрийн газрын менежментийг сайжруулах, ашигт малтмалын бүтээгдэхүүн нийлүүлэх, эрчим хүчний хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө босгох, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар суугаа орныхоо холбогдох байгууллага, албан тушаалтантай тохиролцсон гэдгийг нэр бүхий Элчин сайд нар хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.