Т.САЙХАН
Парламент Үндсэн хуулийг өөрчлөн баталсан. Ингэхдээ хуулийн алдаа гаргасан гэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна. Улмаар гурван ч иргэн УИХ-ыг Үндсэн хууль өөрчлөхдөө хууль зөрчсөн гэх асуудлаар Цэцэд хандаад байгаа юм. Тухайлбал, иргэн “УИХ Үндсэн хуулийг хэлэлцүүлэх явцдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчсөн. Улмаар зөрчлөө далдлах, цэцийн хяналтаас гарах зорилгоор хууль бусаар Журмын хууль, Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн үзэж Цэцэд мэдээлэл өгчээ.
Иргэний энэхүү гомдлыг одоогоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан хүлээн авч хянаж байгаа юм. Г.Баясгалангийн хувьд өнгөрсөн зургадугаар сард УИХ-аас санал болгосноор Цэцийн гишүүнээр томилогдож байв. Өмнө нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга байх үед ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Дараа нь Г.Занданшатарыг УИХ-ын дарга болоход түүний “санал”-аар Цэц рүү явсан гэсэн үг. Тэд улс төрийн хүрээнд холбоотой, бүр нэг нутаг усны хүмүүс. Тэгэхээр УИХ-ыг хууль зөрчсөн эсэх маргааныг Г.Баясгалан хэрхэн хянаж байгаа нь анхаарал татаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн гол хүний нэг нь мэдээж УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэгэхээр УИХ-ын даргын эсрэг, өөрийн санал болгосон субъектынхаа эсрэг гомдлыг Г.Баясгалан хүлээж авах эсэх нь удахгүй тодорхой болох нь.
Ер нь Үндсэн хуульд өндөр шаардлага, шалгуураар өөрчлөлт оруулдаг нь олон улсад байгаа нийтлэг жишиг. Манай улсын хувьд ч адилхан. Журмын хуулийн гол үзэл санаа нь дур зоргоор, хуйвалдах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох явдал юм. Нэг ёсны Үндсэн хуулийн хамгаалалт. Энэ хамгаалалтыг эвдэж, Үндсэн хуулийн тогтвортой байдлыг алдагдуулахыг гомдол гаргасан иргэн эсэргүүцсэн байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.12 ПҮРЭВ №246 (6213)